У.Хүрэлсүхийн Засгийн газарт хэн хэн багтах вэ? Ийм асуултыг иргэд тавьж, харин эрх баригч МАН-ын гишүүд, дэмжигчдийн дунд хэлэлцүүлэг, бас хор найруулга өрнөж байна.
УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахгүй гэж кноп дарж байсан 31 гишүүнтэй Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн өрөөнд уулзсан байна. Уулзалт чамгүй хугацаанд өрнөсөн ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй талаар эх сурвалж өгүүлж байгаа юм. Үргэлжлүүлэн У.Хүрэлсүхийн өрөөнд орж хуралдсан талаар ч УИХ-ын гишүүд ам уралдан ярьж байна.
Уг хурлаар ЗГХЭГ-ын даргаар хэнийг ажиллуулах вэ? гэсэн яриа голлон өрнөсөн талаар дуулдаж байна. ЗГХЭГ-ын даргад У.Хүрэлсүх өөрийн хүнээ тавих хүсэлтэй байгаа гэнэ. Харин Ж.Эрдэнэбатыг дэмжигчдийн зүгээс уг албан тушаал дээр бас л өөрийн хүнээ суулгах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар гишүүний нэр хамгийн хүчтэй яригдаж байна. Зүүний хүчний холбооны төлөөлөл гэж болох энэ эрхэм бол У.Хүрэлсүхийн сонголт. Гэхдээ шууд У.Хүрэлсүхийн сонголт гэхэд бас хэцүү. Түүнийг MSC болон Рио Тинто компаниуд хөгжөөн дэмжиж байгаа гэсэн таамаг яриа гараад байна.
Шинээр байгуулагдах Засгийн газарт MSC болон Рио Тинто, Худалдаа хөгжлийн банк гэсэн томоохон аж ахуйн нэгжүүд эрх ашгаа хамгаалуулах хүмүүсийг оруулахаар зүтгэж эхлээд байна. Тэр дундаа ЗГХЭГ-ын даргын суудалд өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалах. Тэдний эсрэг шийдвэр гаргуулахгүй байх дээр ажиллаж чадах хүнийг томилохоор зүтгэж эхэлсэн гэх яриаг Улс төрийн хүрээнийхэн гаргаад эхэлжээ. Үнэн байх магадлалтай.
УИХ-ын гишүүн Г.Занданшатарын хувьд Баянхонгор аймгийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон. Өмнө нь Засгийн газарт гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан билээ. 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Ажлаа өгсний дараа гадаадад явж сургууль төгсөөд ирсэн. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод байна.