Д.Оюунхоролд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар үлдэх гавьяа байгаа юу?

Д.Оюунхоролд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар үлдэх гавьяа байгаа юу?

Улаанбаатар хотын утаа бол гамшиг биш гэж хэлж суугаа хүн байгаль орчны сайд хийж болох уу? Д.Оюунхорол нэгэнтээ ийм үг амнаасаа унагааж байсан. 

Байгаль орчны сайд бол хотын утааг бууруулах чиглэлд анхаарч ажиллах ёстой биш гэж үү? Гайхаад барахгүй нь. Утаа гамшиг биш. Улаанбаатар хотын хөрсний бохирдол гамшиг биш юм байна л даа.

Эрдэмтэн судлаачид, эрүүл ахуйн мэргэжилтэн бүр Улаанбаатар хотын утаа гамшиг болчихсон. Утаанаас гадна хөрс гэдэг маш том аюул бидний өмнө тулгамдчихаад байна. Хөрсний бохирдлын асуудлыг ярихгүйгээр байгаль орчны эрүүл ахуйн талаар хөндөх ямар ч боломжгүй гэдгийг хэлээд байгаа. Харин Байгаль орчны сайд Д.Оюунхорол бол гамшиг биш. Битгий сүржигнээд байх гэсэн утгатай үг хэлээд сууж байна. Энэ хүнд итгээд 4 жил байгаль орчны асуудлыг даатгана гэдэг бүрхэг юм.Байгаль орчны сайдад итгэл хүлээлгэх боломжгүй гэдгийг хаврын чуулганы үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сануулж байжээ. 

  

Д.Оюунхорол сайдын маш ойрынх нь хамтрагч нэгэн хурган дарга нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаад эхэлсэн мэдээлэл байдаг. Хуш модны самар хилээр гаргах бичиг үйлдсэн хэргээр тус яамны хэд хэдэн албан тушаалтан шалгагдаж эхэлжээ. Сайдын нэр шууд холбогдоогүй ч албан тушаалтан томилохдоо алдсан бурууг сайд үүрч л таарна. Учир нь авлигын хэрэгт холбогдоод байгаа газрын дарга нь сайдын сонгуульд ажилласан нэгэн гэх таамаг мэдээлэл явж байсан билээ.  

Хамгийн хачирхалтай нь Байгаль орчны сайд Монгол Улсын нэн ховордсон ургамлыг хогийн ургамал гэж тодорхойлоод сууж байсан цаг саяхан. 

Дэргэвэр жиргэрүү гэгч ургамал нь 1995 оноос нэн ховордсон гэх ангилалд багтсан. 2015 онд дөнгөж 95 тонн л улсын хэмжээнд байжээ. Уг ургамлын 75 тонныг нь Д.Оюунхорол сайдаар ажиллах 8 сарын хугацаанд түүлгэчихсэн. Харин Түүний дараагийн сайд Н.Батцэрэг хамгаалж үлдсэн. Гэтэл Д.Оюунхорол сайдаар ирээд л өнөөх ургамлыг 350 тонныг түүх тушаал гаргачихлаа. Тэгээд тушаалаа өмөөрч хогийн ургамал. Хаа сайгүй л ургадаг гэх утгатай үг хэлээд сууж байна. Үнэн хэрэгтээ Дэргэвэр жиргэрүү гэгч ургамал нь Дорнод, Сэлэнгэ аймгийн цөөхөн хэдэн суманд ургадаг. Тархац багатай ургамал юм. БНХАУ, БНСУ-д гаргаж худалдаалдаг. Нэг ургамлын үндэс нь 3500 төгрөг болдог. Хил даваад илүү өндөр үнэ хүрдэг байна.

Ингэж л байгалиа сүйтгэж байгаа сайдыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гэж өргөмжлөөд яваад байх уу? эсвэл огцорсон засагтай нь хамт явуулах уу гэдэг сонголтыг шинэ засгийг толгойлох У.Хүрэлсүх гэгч эрхэм шийдэх нь байна.