Ж.Эрдэнэбатын Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байсан эрх баригч намын гишүүдийн нэг бол Ж.Энхбаяр. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа.
Энэ эрхмийн хувьд 2016 оны Сонгуулийн дараа л Засгийн газарт багтана гэсэн хүлээлт нийгэмд байв. Гэсэн хэдий ч засгийн газарт багтаагүй. Байнгын хорооны дарга болж, албан тушаалаас мултарсан билээ. Гэвч тэрээр байгуулагдсан засгийн газраа эхнээс нь шүүмжилсэн цөөхөн гишүүдийн нэг. Дээр нь Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан нэгэн.
У.Хүрэлсүхийн Засгийн газарт Шадар сайд эсвэл Батлан хамгаалахын сайдаар ажиллана гэсэн хүлээлт олон нийтэд байв. У.Хүрэлсүхийн хувьд өөрийнхөө толгойлох Засгийн газарт Ж.Энхбаярыг багтаах сонирхол бас байжээ. Хэд хэдэн удаа Засагт оруулах эсэх асуудлаар У.Хүрэлсүх сайд Ж.Энхбаярыг дуудаж уулзсан гэх мэдээлэл байна. Тэр болгонд Ж.Энхбаяр гишүүн боловсон байдлаар татгалзсан тухай МАН-ынхан ам уралдан ярьж байна.
Ж.Энхбаяр энэ удаагийн засагт багтахгүй. Харин УИХ-аас дэмжиж ажиллана. Гэхдээ бурууд хатуу, зөвд зөөлөн хандана гэдгээ шинээр байгуулагдах засгийн газрыг толгойлох У.Хүрэлсүхэд сануулсан гэнэ. Энэ удаагийн өөхнөөс илүү маргаашийн уушиг дээр гэж Ж.Энхбаяр үзсэн бололтой.
МАН боловсон хүчин сайтай гэж цээжээ дэлддэг ч үнэн хэрэгтээ лидерийн хомсдолд орж байгаа. Ийм нөхцөлд Ж.Энхбаяр 2020 оны сонгуулийн лидер нь болохыг илүүд үзжээ. Тэр утгаараа Ж.Энхбаярын хувьд Засгийн газарт багтахгүй. Харин УИХ-ын гишүүний ажлаа сайн хийж, түмэн олноос + үнэлгээ авахыг хүсчээ.
Энэ удаагийн засгийн газарт багтах сонирхол Ж.Энхбаярт байсан бол нэгд Батлан хамгаалахын сайдын суудал бэлэн байв. Хэрэв хүсвэл шадар сайдын суудалд ч тухлах боломж байжээ. Харин тэрээр татгалзсан гэж МАН-ын эх сурвалж өгүүлж байна.