Монгол Ардын Нам 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулах, ард иргэдийн саналыг татах зорилгоор МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР байгуулна гэдэг уриаг гаргасан. Мэргэжлийн Засгийн Газар байгуулах санаа нь ард иргэдийн сэтгэлд нийцсэн. Ажил мэргэжлийн онцлогийг мэдэх мэргэжлийн хүмүүсийг томилж, хоосон улс төржилтөөс холдож, салбар бүр нь өндийж, ард иргэдийн амьдрал дээшлэх нь гэдэг итгэл найдвар төрүүлсэн гэж улс төр судлаачид ажигласан байдаг. Гэтэл МАН УИХ-д 65- уулаа болсон цагаасаа эхэлж ард иргэдээ мартаж, хэлсэн амласнаасаа няцсан. Ихэнх томилгоо нь улс төрийн томилгоо болж хувирсан. Амласандаа хүрээгүй гэдгийг ч МАН-аас сонгогдсон УИХ-ын 33 гишүүн ч хүлээн зөвшөөрч, Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн Газраа татан буулгасан. Тиймээс МАН Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалтаа энэ удаа жинхэнэ утгаар нь биелүүлээсэй гэх хүлээлт дахин үүсжээ. Иргэдийн зүгээс улс төрийн бүлэг, фракцад аль болох барьцаалагдаж хүлэгдэлгүй байж, ажиллах чадвараа харуулсан сайд нараа шигшин үлдээж, саар ажилласан нэгийг нь чөлөөлөх замаар ажиллаасай гэх давхар хүсэлтийг ч ерөнхий сайд Хүрэлсүх, намын удирдлага болон Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд ихээхэн ач холбогдол өгч буй Х.Баттулга ерөнхийлөгчид уламжлах болов.
Үнэндээ тахимаа өгч буй Засгийн газрын олон сайд нь мэргэжлийн гэх тодотголд нийцээгүй. Барилгын "Хурд" компанийн ерөнхийлөгч Чойжилсүрэнг сангийн сайдаар томилсон томилгоог хамгийн түрүүнд нэрлэж болно.Хүнс Хөдөө Аж Ахуйн сайдын томилгоо эргэлзээ төрүүлсэн.
Байгаль Орчны сайдаар Оюунхоролыг улируулан томилсон нь улс төрийн шахаа гэж харагдсан. Тус Яамны мэргэшсэн төрийн албан хаагчдыг "орвонгоор нь" сольсон гэдэг шүүмжлэл түүнийг анх Байгаль орчны сайд болоход нь дагалдсан. Түүнд салбараа хөгжүүлэх гэхээс илүү, хувийн сонирхол илүү давамгайлсан гэсэн шүүмжлэлийг иргэний нийгмийн байгууллагууд сөхдөг. Энэ асуудлаар шүүх, хуулийн байгууллагад ч хандсан тухай Green sos байгууллага өмнө нь мэдээлж байсан. Энэ алдааг битгий давтаасай гэж хүсье.
Завсарын сайд нар ч бас үүрэг гүйцэтгэж ирсэн. Мэргэжлийн гэх тодотголд ойртсон зарим нэг сайд байсныг бас үгүйсгэж болохгүй. Хотын даргаар ажиллаж байсан Мөнхбаярын оновчтой шийдвэрийг нь барилгын салбарынхан талархан дэмжсэн. Гадаад хэргийн сайд Ц.Мөнх- Оргил мэргэжлийн түвшинд ойрхон ажиллаж чадсан сайд нарын нэг.
Цорын ганц шахуу мэргэжлийн сайд нь Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг байсныг ч бас дурдах нь зөв. Эрүүл мэндийн салбараа зөв удирдаж, салбараа хуримтлагдсан өрнөөс салгаж, иргэддээ ч, эрүүл мэндийн салбарынхандаа ч ээлтэй бодлогын шийдвэр гаргасан нь нийгмийн анхаарлын гадна үлдээгүй.
Сүүлд томилогдсон Боловсролын сайд ч мэргэжлийн гэх тодотголд ойртсон. Тэгэхээр мэргэжлийн тэгээд чадварлаг удирдагчид салбар салбарыг хариуцуулж, зөвхөн Мэргэжлийн гэхээс гадна Чадварлаг гэсэн тодотголтой Засгийн Газар байгуулахыг Ү.Хүрэлсүх ерөнхий сайдаас нийгэм хүлээж байна. Барилгын салбартаа нэр хүндтэй байр суурь эзэлдэг "Заг" компанийн үүсгэн байгуулагч, Монгол улсын гавьяат барилгачин Б.Нэмэхбаатар, -Барилгын сайд Мөнхбаярыг улируулан үлдээх эсэх нь бидний хэр хэмжээнээс хэтэрсэн асуудал. Мөнхбаяр сайд сайн ажилласан. Салбар хөгжих, бодлогын чанартай хэд хэдэн чухал шийдвэрийг тэр л гаргасан. Өөрчлөхдөө хүрвэл, Мөнхбаяр сайдыг дээрдүүлдэггүй юм аа гэхэд, салбар нь хүлээн зөвшөөрөх хэмжээний, өмнөхөөсөө дордуулахааргүй манлайлагчийг салбарт нь илгээгээсэй гэж "Заг" группийн ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар болон тус салбарынхан МАН-ын Удирдах Зөвлөлд албан тоот илгээсэн байдаг. Энэ бол мэргэжлийн тэгээд, чадварлаг Засгийн Газрыг бүрдүүлээсэй гэх нийгмийн шаардлага гэдгийг дахин тодотгоё.
эх сурвалж: erennews.mn