Эрх баригч МАН нь УИХ-д 65 суудалтай хэдий ч Ерөнхий сайдаа Ардчилсан намын дэмжлэгтэйгээр томилж чадлаа. Ардчилсан намын дэмжлэгийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд авах боломжийг хангаж өгсөн эрхэм бол Ерөнхийлөгч Х.Баттулга гэж Улс төрийн хүрээнийхэн таамаглал дэвшүүлэн ярьж байна. Үнэн байх магадлал тун өндөр. Учир нь болж байгаа үйл явдал, өрнөж байгаа улс төрийн шийдвэр, алхам бүрээс ийнхүү таамаглаж болно.
Хамтарсан засгийн газар гэхээр л хоёр улс төрийн нам хэдэн яамыг хувааж авахыг хэлдэг. Харин ийм байдал түүх болон үлдэж байна. Нам дамнасан бүлэглэл гэдэг одоо хамтрахдаа өөртөө үйлчлэх өрөөлийн намын нөхрийг сонгож авдаг болсон тухай улс төрийн хүрээнд ам уралдан ярьж байна. Ийм жишгийг энэ удаагийн У.Хүрэлсүхийн засгийн газар бий болгох тухай ч таамаглаж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын нөхөрлөх хүмүүсийн нэг нь Д.Дагвадорж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АСА явуулын станц гэгчийг ажиллуулж, сошиалд тодорхой дэмжлэг хүлээсэн нэгэн. Тэр утгаараа Ерөнхийлөгч Х.Баттулгын ялалтын нэг эд эс гэж болно. Үүнийг нь бодолцож үзэх юм бол Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Дагвадорж аваргыг дэмжих нь гарцаагүй. Д.Дагвадоржийн Ерөнхийлөгчөөс хүсэх дэмжлэг нь Д.Сумьяабазар ахыгаа сайд болгох гэнэ.
Д.Сумьяабазар нь Шадар сайд, Уул уурхайн сайд гэх мэт албан тушаалд нэр нь яригдаж байгаа. МАН-ын эх сурвалжийн хэлж байгаагаар бол Д.Сумьяабазар гишүүнийг Уул уурхайн сайдад нэрийг нь дэвшүүлж, дэмжих саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга нь У.Хүрэлсүхээс хүссэн гэх мэдээлэл байна. Ингэсэн нөхцөлд УИХ дахь АН-ын бүлэг У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлжээ. Тэгэхээр Д.Сумьяабазар гишүүн намаасаа гэхээсээ илүү сөрөг хүчний дэмжлэгээр сайд болохоор зүтгэж эхэлсэн бололтой. Ийм таамаглал улс төрийн хүрээнийхэн дунд эрчтэй явж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Уул уурхайн яамнаас гадна Зам тээврийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын суудалд өөрийн хүнээ тавихаар сэм тохирсон бололтой. Дээрх яамдын толгойлох хүн нь Ардчилсан намаас биш Ардын намаас байна. Гагцхүү МАН-ынх мэт харагдах боловч эрх ашиг, хэрэгжүүлэх бодлого нь Ерөнхийлөгчийнх байх талтай гэсэн таамаг МАН-ынхан дунд явж байна.