Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ сайдыг үлдээх нь шударга ёс уу? У.Хүрэлсүх сайдаа!!!
У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газарт УИХ-ын гишүүд давхар дээл өмсөнө. Ерөнхий сайд нь ороод 16 сайдтай байна гэж тооцох юм бол 15 сайд нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гэсэн сэтэр зүүх нь байна. За энэ ч яахав.
Хамгийн гол нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг муу ажилласан. Хариуцлага байхгүй. Алдаа дутагдлаа засаж залруулах тал дээр хойрго байсан. Эргэж буцсан олон шийдвэр гаргасан. 800 тэрбум төгрөгийн концессыг сайд нар нь авсан гэх мэт үндэслэлээр бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шийдвэрийг Засгийн газар гаргасан билээ.
Гэтэл өнөөдөр Ж.Эрдэнэбатын засгийн газарт сайн ажилласан гэх гуншинг өөртөө наах гэсэн пиар яваад эхэллээ. Зарим сайдын үүрэг гүйцэтгэгч нар өөрийгөө өргөмжилсөн, өч төчнөөн ажил хийсэн гэх мэдээллийг зарим хэвлэлээр өдөр бүр гаргаж байна.
Үүний хажуугаар сэм хуйвалдан сайдаараа үлдэх гэсэн санаархал ч бас нөгөө хэсэгт нь байгаа бололтой. Тухайлбал Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нь нутгийн дүү нь Ерөнхий сайд болсон учраас хэл амнаас хол байж байгаад сайдын суудалдаа үлдэх тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй зөвлөлдсөн сураг байна. Б.Бат-Эрдэнэ нь хэзээнээсээ У.Хүрэлсүхтэй дотно нөхөрлөж байгаа. Тэр утгаараа сайдын суудалдаа үлдэх магадлалтай гэж МАН-ын гишүүд таамаглаж байна.
Б.Бат-Эрдэнэ нь Батлан хамгаалахын сайдаар ажиллах жил гаруйн хугацаанд тус салбарт юу болов? Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ салбарынхаа эрх ашгийг УИХ, Засгийн газар дээр бүрэн дүүрэн хамгаалж чадсан уу? Энэ асуултад тус салбарынхан нэгэн дуугаар тийм гэж хариулахгүй байна. Тухайлбал 2017 оны төсвийг Засгийн газраар хэлэлцэхэд хэмнэлт хийсэн салбар нь Батлан хамгаалах. Тус хэмнэлтийг УИХ дээр буруутгаж, зохих нэмэгдлийг шийдүүлсэн хүн нь салбарын сайд нь биш УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр байв.
Батлан хамгаалах салбарт өнгөрсөн жил гаруйн хугацаанд бэлтгэл хийж байсан цэргийн албан хаагч тэсрэх бөмбөгд өртөж амиа алдав. Хугацаат цэргийн албан хаагч мөн л буу зэвсэгтэй холбоотойгоор амиа алдлаа. Бас хугацаат цэргийн албан хаагч ангиасаа өөр газар явж байгаад амиа алдав. Энэ бүхэнд тус салбарын дарга нараас хэн хариуцлага хүлээсэн вэ?
Сайд нь уг нь ухамсраараа хариуцлага хүлээж, салбартаа үлгэрлэх ёстой. Гэтэл Батлан хамгаалах салбарын сайдын суудалдаа үлдэх тухай ярьж яваа нь шударга ёсонд нийцнэ гэж үү? Шударга ёсны тухай ярьж, шударга байхаа илэрхийлж байгаа Ерөнхий сайдын хувьд нутаг, ус бодолгүй, ах дүүсийн харилцаагаа саналгүй асуудлыг эрүүлээр харж, бодитоор дүгнэн Батлан хамгаалахын сайдын суудалд шинэ хүн суулгах нь зүйд нийцнэ.