Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа танхимын бүрдүүлэхийн тулд санаа сэтгэлээ чилээж байгаа бололтой. Түүний хувьд ямартай ч Засгийн газраа бүхэлд нь УИХ-ын гишүүнээс бүрдүүлнэ гэсэн амлалтыг өгчихсөн. Энэ нь Засгийн газраа хамгаалах гэсэн нэг арга.
У.Хүрэлсүхийн хувьд Засгийн газраа хамгаалж үлдэх дараагийн арга нь М.Энхболдын талынхантай хэл амаа ололцох. Үүнийхээ хүрээнд Баасан гарагт нэгэн тохиролцоог У.Хүрэлсүх, М.Энхболд нар хийсэн гэх таамаглал явж эхэлсэн юм. Уг таамаглал нь бараг л үнэн бололтой. У.Хүрэлсүхийн хувьдп Засгийн газрынхаа 9 сайдыг өөрөө мэдэн томилно. Харин М.Энхболдын хувьд Засгийн газрын 6 сайдын шууд томилох шийдэлд хүрчээ.
Энэхүү шийдлийг нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар эсэргүүцэж эхэлсэн байна. Нэгэнт М.Энхболдоос нүүр буруулан байж Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулсан. Гэтэл дахин М.Энхболдтой гар барилцан асуудлаа шийдэх нь туйлын буруу. Тэрний оронд өөр хувилбарыг бодолцож, гишүүдээс урвуулан 40 гишүүнийг хайрцаглах хэрэгтэй гэсэн санал гаргажээ. Гэвч ийм боломж хараахан бүрэлдэхгүй. Тэр утгаараа У.Хүрэлсүхийн хувьд заавал М.Энхболдтой гар барилцахаас өөр арга байхгүй билээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газар ирэх жилүүдэд амь бөхтэй байхын тулд Ерөнхий сайдын томилох хуралд оролцоогүй 28 гишүүн. Тэдний талд бат зогсох 3 гишүүнийг хазаарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол өшөө авалт тэднээс гарах нь дамжиггүй. Хэрэв ийм нөхцөлд жилийн дараа яг л Ж.Эрдэнэбатын Засгийн газар унасан шиг үйл явц өрнөөд сууж байх нь гарцаагүй. Иймээс л энэ удаад У.Хүрэлсүх наашаа харж инээгээд цаашаа харж уйлаад өөрийнхөө арьсыг хамгаалахын тулд М.Энхболдтой гар барьж, асуудлаа шийдээд цаашаа алхах замыг сонгосон бололтой.