НИТХ-ын ээлжит 11-р хуралдаан 9 сарын 22-нд хуралдаж эхэлсэн. Уг хуралдаанаар НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн билээ. Түүний хувьд ажлаа өгөх болсон гол шалтгаан нь 60 тэрбумын гэх хэргийг шалгуулж, уг асуудалд холбоогүй гэдгээ албан тушаал үгүй болж байгаад батлахын хүссэн гэдэг. НИТХ-ын дарга гэдэг албан тушаал нь аливаа албан тушаалтанг томилдоггүй. Бас хэн нэгэнд үүрэг чиглэл өгч албан тушаалыг томилгоо хийдэггүй. Гэсэн хэдий ч 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг арилжсан гэх гүтгэлэгт нэрийг нь сэвтээж байгаа учраас уг асуудлыг нэг мөр цэгцлэх. Хууль хяналтын байгууллага хэдийгээр Ц.Сандуй нь төрийн албан тушаалыг наймаалаагүй гэсэн дүгнэлт гаргасан ч дахин шалгуулж, хэрэгт холбоогүй гэдгээ батлахын хүссэн. Нөгөө талдаа иргэдийн өөрөө удирдах байгууллагын нэрийг 60 тэрбумын гэх хэрэгтэй хутгаад суух ёс зүй, ухамсар Ц.Сандуй гэдэг хүнд байхгүй учраас уг албан тушаалаас өөрөө татгалзаж байна гэдгээ мэдэгдсэн билээ. Түүний хүсэлтийг НИТХ-ын төлөөлөгчид хүлээн авч, ажлыг нь өгүүлсэн.
Үүний дараа НИТХ-ын шинэ даргыг томилохоор болсон. НИТХ дахь олонхийн бүлэг болох МАН-аас Баярсайхан гэх эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Гэвч төлөөлөгчдийн дундаас С.Амарсайханг нэр дэвшүүлсэн билээ. Ингээд санал хураалт болоход сөрөг хүчин АН цагаан хуудас өгсөн. Харин эрх баригч МАН-ын бүлгийн 34 төлөөлөгчийн 17 нь С.Амарсайханд санал өгсөн бол 17 төлөөлөгч нь Баярсайханд санал өгсөн билээ. Ийнхүү санал хураалт тэнцэж, НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байв. Гэвч өнгөрсөн 7 хоногт НИТХ хуралдахад мөн л эрх баригч нам тохиролцоонд хүрч чадаагүй учир МАН-ын бүлэг завсарлага авсан.
Уг завсарлага авсан үйлдлийг НИТХ-ын зарим төлөөлөгч Ц.Сандуйгийн захиалга хэмээн зарим хэвлэлд ярилцлага өгөөд байна. Гэтэл энэ нь НИТХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр. Бүлгийн шийдвэр нэг хүний үгээр бус олонхийн санал дээр тулгуурлаж гардаг.
НИТХ-ын ээлжит хуралдааны үргэлжлэл өнөөдөр эхэлсэн. Гэтэл НИТХ дахь АН-ын бүлэг завсарлага авчихлаа. Бас л Ц.Сандуй зааварчилгаа өгөөд НИТХ дахь АН-ын бүлэг завсарлага авчхав уу? Ийм гэнэн асуултыг НИТХ-ын төлөөлөгч нар өөр хоорондоо тавиад сууж байгаа нь эмгэнэлтэй.
С.Амарсайхан, Баярсайхан нарыг НИТХ-ын даргаар сонгох санал хураалт дээр НИТХ дахь АН-ын бүлгийн 10 төлөөлөгч цагаан хуудас өгсөн. Тэдний хувьд дээрх хоёр эрхмийн хэн нь ч уг албан тушаалыг хаших чадамжгүй гэдгээ илэрхийлсэн хэлбэр нь цагаан хуудас байв. Тэгэхээр энэ удаад уг санал дээрээ хэвээрээ байгаа эсэхээ тэд зөвлөлдсөн гэх мэдээлэл байна. Ийм нөхцөлд албан тушаалаа өгсөн Ц.Сандуйруу НИТХ-ын зарим төлөөлөгч нар боорлох нь ямар учиртай вэ? Айсан хүнд аргал хүртэл хөдөлдөг гэх ардын үг байгаа. Албан тушаалд тэмүүлсэн хүн бүрт бусдын үйлдэл болгон өөрийнхөө хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж харж байгаа хүний үйлдэл болон харагдаад байгаа юм биш биз.