НИТХ-ын ээлжит хуралдаан 9 сарын 22-нд хуралдаж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл шийдвэр гаргаж чадахгүй байна. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 34 нь эрх баригч МАН, 11 төлөөлөгч нь сөрөг хүчний АН. Сөрөг хүчин болох АН-ын 11 төлөөлөгчийн хувьд Э.Бат-Үүл, Д.Баттулга, Ц.Баатархүү гэх мэт лидер улс төрчтэй. Тэд эрх баригч МАН-ын анх удаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хурган дарга нарыг хөнгөхөн дөнгөж, хэдхэн үгээр амыг нь таглаж, хэдэн үйлдэлд нь мад тавьж улс төр хийж чадаж байна.
Эрх баригч МАН-ын 34 төлөөлөгч дунд өнөөдөр хэн нь лидер вэ? Ийм асуултыг тавихаас өөр арга алга. Уг нь МАН 2016 оны сонгуулийн дараа Нийслэлийн төлөөлөгч нарын лидер нь Ц.Сандуй байв. Тэр л зөв менежмент хэрэгжүүлж, анхан шатны намынхаа гишүүд дэмжигч нартай ажиллаж чадсан учраас ялалт байгуулсан.
Нийслэлд Э.Бат-Үүлийн багийг хэн ч ялахгүй гэж хүн бүр итгэж байхад Ц.Сандуй л ялалт байгуулна гэж итгэсэн. Багаа бүрдүүлсэн. Бас ялсан. Ц.Сандуйгаас болгоомжлохдоо АН-ынхан 60 тэрбумын гэх хэргийг гаргаж ирж, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гэж оролдсон гэхэд болно. Уг оролдлого 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар илүү далайцтай газар авсан. Харин үүнийг нь өрдөж, өөрсдийнхөө эрх ашиг, албан тушаалын шуналдаа дэвэргэсэн хүмүүс нь эрх баригч МАН-ынхан. Тэд өнөөдөр уг алхмынхаа үйлийг үзэж байна.
Ц.Сандуй нь төрийн ажлыг улс төртэй хутгахыг хүсээгүй. Төрийн ажил явдгаараа явах ёстой. Төр бол намаас тусдаа ойлголт. Иймээс 60 тэрбумын гэх гүтгэлгийн хэргийг НИТХ-ын даргын албан тушаалтай хольж, Нийслэлийн иргэдийн итгэлийг сэвтээхийг хүсэхгүй байна. Хууль хяналтын байгууллага 3 удаа шалгаж 60 тэрбумын гэх хэрэг нь үндэслэлгүй гэдгийг баталсан хэдий ч НИТХ-ын даргын албан тушаалаа өгч дахин шалгуулж асуудлаас нэрээ арилгахыг хүссэн учраас Ц.Сандуй албан тушаалаасаа өөрөө чөлөөлөгдсөн. Тэр иргэдийн итгэлийг авч албан тушаалд очсон ч зангарагтай улс төрч гэдгээ баталж албан тушаалаа өгч чадсан. Энэ бол жинхэнэ лидерийн хийдэг улс төрийн үйлдэл.
Ц.Сандуй нь албан тушаалаа өгсний дараа НИТХ дахь МАН-ын бүлэгт лидер нь хэн болох вэ? Ийм асуулт урган гарав. Одоогийн байдлаар С.Амарсайхан, Баярсайхан гэсэн хоёр эрхэм НИТХ-ын дарга болохоор зүтгэж эхэллээ. Гэвч тэдэнд сөрөг хүчин АН итгэхгүй байна.
НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү: Нэр дэвшсэн хоёр төлөөлөгчийн хувьд НИТХ-ын ажлыг аваад явах итгэл үнэмшил төрөхгүй байна. НИТХ дахь МАН-ын бүлэг Ц.Сандуйгийн орны хүнийг оруулж ирэхдээ дээрдүүлдэггүй юм гэхэд дордуулахгүй байх ёстой.
НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл: Ц.Сандуй өнгөрсөн жил гаруйн хугацаанд НИТХ-ын даргын ажлаа маш сайн хийсэн. Тэр манлайлагч байж чадсан. Харин өнөөдөр хариуцлага хүлээж ажлаа өгнө гээд байгааг ойлгохгүй байна. Түүнийг орлох улс төрч НИТХ-ын МАН-ын бүлэгт байгаа гэдэгт итгэхгүй байна. хэмээн 9 сарын 28-ний хуралдааны үед хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.
Дээрх хоёр эрхмийн үгнээс уншихад Ц.Сандуй сөрөг хүчнийхэндээ үнэлэгдсэн байжээ. Харин шинээр НИТХ-ын дарга болох гэж байгаа С.Амарсайхан, Баярсайхан нарын хувьд сөрөг хүчнийхээ итгэлийн дааж чадахгүй гэдэг нь анхны санал хураалтаар ил болсон. Сөрөг хүчний 10 төлөөлөгч цагаан хуудас өгөв. Нэг төлөөлөгч нь хуралдаа ирээгүй билээ.
34 төлөөлөгчтэй НИТХ дахь МАН-ын бүлэгт хэн нь лидер вэ? өнөөдрийн байдлаар лидер байсан Ц.Сандуй нь ажлаа өгч арагшаа хоёр алхам ухарсан үед урагшаа гарч ирээд 45 төлөөлөгчдөө хүлээн зөвшөөрөгдөх лидер алга байна. Явцуу эрх ашигт хүлэгдсэн цөөн хэдэн хүндээ хүлээн зөвшөөрөгдөх ч нийт төлөөлөгчдийнхөө итгэлийг даачих төлөөлөгч алга.