Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон цагаас хойш багагүй хугацаа өнгөрчихлөө. Энэ 7 хоногтоо багтааж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барина гэсэн хүлээлттэй байна.
Ардчилсан намын хувьд Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж 4 яамыг шинээр байгуулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан. Тухайлбал Аж үйлдвэрийн яам, Аялал жуулчлал, спортын яам, Эдийн засаг хөгжлийн яам юм. Энэ нь өмнөх 2012-2016 оны Ардчилсан нам эрх барьж байхад ажиллаж байсан яам гэсэн үг.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд яамдын тоог нэмэхгүй, бас хасахгүй, бүтцийн өөрчлөлт хийхгүй. Харин албан тушаалтныг өөрчлөх болно гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн билээ. Энэхүү мэдэгдлээ үнэ цэнэтэйгээр хадгалахыг Ерөнхий сайд хүссэн бололтой.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд өмнөх засгийн газрыг огцруулсан 33 гишүүнтэйгээ нэгдээд Засгийн газраа байгуулж зүрхэлсэнгүй. Хэдийгээр Ардчилсан нам Засгийн газрыг нь бүхэлд нь дэмжинэ гэж мэдэгдсэн ч эргээд унах магадлалтай. Ийм учраас У.Хүрэлсүх нь намын дарга М.Энхболдтойгоо тохиролцож 6 сайдын суудлыг түүнд найр тавьсан байна. М.Энхболдын зүгээс 6 сайдаар УИХ-ын гишүүдийг ажиллуулахаар болжээ.
М.Энхболдын талыг төлөөлөн шадар сайдаар Л.Энх-Амгалан гишүүн ажиллахаар нэр дэвшсэн байна. Мөн давхар яригдаж байгаа хүн бол одоогийн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа юм. Энэ хоёрын нэг нь шадар сайдаар томиогдоно.
Батлан хамгаалах салбарыг М.Энхболдын тал авахаар болжээ. Тус салбарт Н.Энхболд, Н.Цэрэнбат гэсэн хоёр гишүүний нэр яригдаж байна. Н.Энхболдын хувьд туршлагатай улс төрч учраас сайд болох магадлал тун өндөр гэнэ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Ц.Цогзолмаагийн нэр яригдаж эхэллээ. Уг нь тус салбарт сайдаар очихоор эртнээс бэлтгэлээ хангаж эхэлсэн хүн бол У.Хүрэлсүхийн талын төлөөлөл УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл байв. Гэвч тохиролцооны үндсэн дээр энэ хоёр эмэгтэйн хариуцах салбарыг солих бололтой. Энэ хоёр эмэгтэйн аль ч тус салбарт ирж болзошгүй.
Зам тээвэр хөгжлийн сайдад өрсөлдөгч үгүй тодорч байгаа эрхэм бол Ж.Бат-Эрдэнэ. Өмнө нь тус яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүний хувьд салбараа мэднэ. Уг салбарт гацсан томоохон төслий урагшлуулах итгэл хүлээнэ гэж М.Энхболдын багийнхан үзсэн бололтой. У.Хүрэлсүх ч түүнийг дэмжиж байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн О.Содбилэгийн хувьд мөн л сайдаар нэр нь тодорч байна. Түүнд энэ удаад Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын албан тушаал оногдохоор болжээ. Гэхдээ уг салбарт эмэгтэй хүн очиж магад үгүй гэсэн таамаг яриа бас давхар явж байна. Ийм нөхцөлд тус салбарт очих боломжтой хүн нь УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа байж болзошгүй ээ.
Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделхан гишүүнийг тавих санал МАН-ын гишүүдээс гарчээ. Түүнийг М.Энхболд дэмжиж байгаа гэнэ. Ийнхүү М.Энхболдын талын төлөөлөл болох 6 сайдын нэр тодроод байна.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд 9 сайдыг өөрийнхөө фракцаас томилохоор боллоо. Түүний хувьд ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайдаар Ц.Цогтбаатар, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдаар С.Чинзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумьяабазар, Хүн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзориг, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Б.Сарангэрэлийг БСШУ-ны сайд эсвэл Эрүүл мэндийн сайдаар томилно. Харин хууль зүйн сайдаар Ц.Нямдоржийг томилохоор ярьж байгаа ч УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хувьд уг албан тушаалаас татгалзаж, орондоо УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг санал болгосон гэх мэдээлэл байна.