Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан МАН-ын 33 гишүүн байгаа. Тэдний дийлэнх нь сайд болохын төлөө энэхүү үйлдлийг хийгээгүй. Шударга ёс, хариуцлага гэдэг зүйл Төрд байх ёстой. Энэ утгаар нь ийм үйлдэл хийсэн гэж тайлбарлаж байсан билээ. Тэднээс чухам хэн нь амласан амлалтдаа хүрч, сайдын суудлаас татгалзаж чадсан вэ?
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд сайд болохгүй гэдгээ хамгийн түрүүнд мэдэгдсэн. Бас амлалтдаа хүрнэ гэдгээ ч бас зарлав. Түүнд У.Хүрэлсүхийн зүгээс Шадар сайдын суудлыг санал болгожээ. Гэвч тэрээр уг албан тушаалд очихоос татгалзсан юм. Мөн Батлан хамгаалахын сайдын суудалд түүнд хөнгөхөн олдохоор байв. Бас л сонирхсонгүй. Амласан амлалтдаа хүрч сайд болоогүй түүнд алга таших хэрэгтэй. Тэр У.Хүрэлсүхийн засгийн газрын зөвийг дэмжиж, бурууг шүүмжлэн УИХ-ын гишүүний ажлаа хийнэ гэв.
Л.Оюун-Эрдэнэ гишүүн нутгийн ахынхаа толгойлж байгаа Засгийн газарт орохоос татгалзаж чадлаа. У.Хүрэлсүхийн хамгийн итгэл хүмүүсийн нэг түүнд ЗГХЭГ-ын дарга буюу Монгол Улсын сайдын албан тушаал халаасанд нь байв. Харин тэрээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахдаа хэвлэлийнхэнд амласан амлалтдаа хүрч чадлаа.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гол хөшүүрэг болж өгсөн. Түүний үгийг дагаж, бас түүнд итгэж засгийн газрыг огцруулах санал өгсөн чамгүй олон гишүүн бий. Харин энэ удаад У.Хүрэлсүх УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржид хууль зүйн сайдын албан тушаалыг өгөхөд бэлэн байв. Гэвч тэрээр УИХ-ын дэд даргын суудалдаа үлдэж, Хууль зүй,дотоод хэргийн сайдын суудлаас татгалзлаа.
Өөрийнхөө бланк дээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичгийг үйлдэж, гарын үсэг цуглуулж, 33 гишүүнийг нэгтгэсэн юм. Түүний хувьд Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулсны дараа шинээр байгуулагдах Засгийн газарт орж ажиллах уу? гэсэн сэтгүүлчийн асуултад бухимдангуй хариулж байв. Харин энэ удаад сайд болох замаас татгалзаж чадсан нь түүний улс төрийн дараагийн замд гэрэл болж асах шиг боллоо.