Монгол Улсын шадар сайдаар Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлсэн гэх мэдээлэл гараад байгаа. У.Хүрэлсүхийн засгийн газрыг байгуулахад эрх баригч МАН-ын 2 бүлэг хэлэлцээрийн ширээний ард сууж эхлээд байна.
УИХ дахь МАН-ын бүлэг 65 гишүүнтэй. М.Энхболдын талын 32 гишүүн, У.Хүрэлсүхийг дэмжигч 33 гишүүн гэсэн 2 бүлэгт хуваагдчихлаа. Тэд хэлэлцээр хийж, Засгийн газрын бүрэлдэхүүнээ томилохоос өөр сонголт үгүй болов. Энэ утгаараа У.Хүрэлсүх засгийн газрынхаа 9 сайдыг өөрөө дур мэдэн томилох шийдэлд хүрсэн. Гэхдээ УИХ-аар хэлэлцэж, эцсийн шийдвэр гарна. Одоогийн байдлаар У.Хүрэлсүхийн танхимдаа авахаар өөрөө санал болгосон 9 сайдын бараг л 6 нь Сү.Батболдын фракцын төлөөлөл харагдаж байна. Харин 4 сайд нь У.Хүрэлсүхийн фракц болох Зүүний хүчний холбооны төлөөлөл гэхэд болно.
М.Энхболдын талынхан У.Хүрэлсүхийн Засгийн газрын 6 сайдыг томилох бололцоотой. Тэд 6 сайдын нэр дэвшүүлсэн ч 4 сайдынх нь нэрийг У.Хүрэлсүх голчихлоо. Голох болсон шалтгаан нь Уул уурхайн бизнестэй, ашиг сонирхлын зөрчил үүснэ гэх гомдол. Энэ бол өнгөц.
Цаад утгаараа бол Рио тинто, MSC, Петровис зэрэг компанийн дундах эрх мэдлийн тэмцэл өрнөж байж болзошгүй гэсэн таамаг яриаг улс төрийн хүрээнийхэн гаргаад байна. Энэ ч утгаараа шадар сайдад нэр нь дэвшсэн Л.Энх-Амгаланг У.Хүрэлсүх багтаа авахаас татгалзав. Шалтгаан нь ашиг сонирхлын зөрчил.
М.Энхболдын талаас санал болгосон Л.Энх-Амгалан шадар сайд хийх хэмжээний лидер мөн үү? ийм асуултыг иргэд, олон нийт тавьж байна. Хөвсгөл аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа энэ эрхмийн хувьд мэдлэг, ур чадвартай. Хамгийн гол нь улсын эдийн засагт нөлөөлөх хэмжээний том төслийг санаачлах, хэрэгжүүлэх боломжийг хангах чадвартай гэж бизнесийнхэн харж байна.
Улс төрийн хүрээнийхэн бол Л.Энх-Амгалан шадар сайдын хэмжээний улс төрч хараахан болоогүй. Тэр толгой мэдэн шийдвэр гаргаж дөнгөхгүй. Хамгийн гол нь шадар сайдын хариуцдаг Онцгой байдал, мэргэжлийн хяналтын салбарыг төдийлөн сайн ойлгохгүй гэсэн шүүмжлэлийг тавьж байна. Хамгийн гол нь одоогийн УИХ-д суугаа гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөх эсэхээс шадар сайдаар ажиллах нь хамаарна. Л.Энх-Амгалангийн хувьд 40 орчим гишүүний дэмжлэг авах хэмжээний улс төрч гэж нэг хэсэг нь үзэж байна.
Л.Энх-Амгалан бизнесийн салбарт ажиллаж байсан туршлагатай ч улс төрд түүний энэ туршлага төдийлөн өндөр үнэлгээ авахгүй. Түүнд улс төрчийн өвөрмөц дүр төрх алга. Улс төрчийн үндсэн зарчимч бодлого алга. Байдаг л нэг улс төрч, Байдаг л нэг мэдэмхийрдэг улс төрчийн дүртэйгээр өнөөдөр ажиллаж байгаа гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Тэгэхээр тэр одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэмжээнд шадар сайдын ажлыг хийхэд зангараг нь дутна