Эрх баригч МАН-ын УИХ дахь 2 бүлэг зөвшилцөж хүрч чадахгүй өнөөдөртэй золгов. Өчигдөр хоёр бүлгийн төлөөлөл хоорондоо зөвлөлдөж өдрийг өнгөрөөлөө. Шалтгаан нь Засгийн газарт багтаах сайд нарын нэрс юм.
У.Хүрэлсүхийн засгийн газар одоогийн бүтцийг өөрчлөхгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээр нэмэх нь 15 сайд байна. 9 сайдыг нь У.Хүрэлсүхийг дэмжигч 33 гишүүн дундаасаа тодруулсан. Уг 9 сайдын 6 нь Сү.Батболдын фракцынх, харин 3 нь У.Хүрэлсүхийн фракц буюу Зүүний хүчний холбооны төлөөлөл байна.
Харин 6 сайдыг өмнөх засгийн газрыг хамгаалсан 32-ын бүлэг томилох ёстой. Тэдний нэр дэвшүүлсэн 6 гишүүний 2 гишүүнтэй засгийн газартаа хамтран ажиллах боломжгүй гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгджээ. Эндээс ахин гацаа үүсч, хэлэлцээр үргэлжилсэн гэхэд болно.
Шадар сайдад нэр дэвшээд байсан Л.Энх-Амгалан өөрөө хүсэн ч нэгэнт ойлголцохгүй байгаа учраас түүний нэрийг татаж авахаар 32-ын бүлэг шийджээ. Ингээд тэд шадар сайдын суудалд Ө.Энхтүвшин гишүүний нэрийг дэвшүүлэхээр болсон байна. Ө.Энхтүвшин нь Ерөнхий сайдын төлөө МАН-ын бага хурал дээр У.Хүрэлсүхтэй хүч сорьсон. 101 хүний санал авсан түүний хувьд чамгүй дэмжлэгтэй нэгэн гэдгээ батлаад амжсан билээ. Харин энэ удаад шадар сайдын суудалд тухлах бололтой. Уг нь өөрөө сайд болохгүй гэж мэдэгдэж байсан ч 32-ын бүлэг түүнийг уг албан тушаалд шахсан бололтой.
Батлан хамгаалахын сайдаар Н.Цэрэнбатыг 32-ын бүлэг нэр дэвшүүлсэн. Харин У.Хүрэлсүх ерөнхий сайдын хувьд цэргийн алба хаагүй жаал хүүгээр Батлан хамгаалахын салбараа хариуцуулахыг хүсээгүй юм. Иймээс хашир туршлагатай Н.Энхболд гишүүнийг Батлан хамгаалахын сайдын суудалд нэрийг нь дэвшүүлэхээр болжээ.
Энэ бүх томилгооноос харахад У.Хүрэлсүхийн засгийн газар дотроосоо өтөж, гаднаасаа идэгдэж мэднэ.