У.Хүрэлсүхийн Засгийн газраас их зүйл хүлээх шаардлагатай юу? Ийм асуултыг иргэд хоорондоо тавьж эхлэв. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хариуцлага тооцохоор болж 33 гишүүн гарын үсэг зурсан тэр цагт иргэдэд итгэлийн оч асч эхлэв.
Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн МАН-ын амлалтыг талаар болсон гэж үзсэн хэсгийнхэн одоо л нэг өнгө төрх нь өөрчлөгдөж, засаг төрийн ноён нуруу тэнийх нь хэмээн баярлаж эхлэв. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд ч ийм амлалт өгч, энэ талаар ам уралдан ярьж байлаа. Шударга ёс, эрх ашгийн эрэмбээ хойш тавьж, ашиг хонжоог сайд нар хайх ёсгүй гэж тэд хэлсэн. Харин өнөөдөр...
У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар МАН-ын бага хурлаас нэр дэвшүүлэхэд алга ташиж байсан олон хүн өнөөдөр амаа барьж эхлэв бололтой. Шадар сайдын эрэмбэтэй л хүн ш дээ гэж нэг хэсэг нь У.Хүрэлсүхийг шоглоод авсан. Харин намынх нь бага хурлын төлөөлөгч нар Ерөнхий сайд болж болно гээд гаргаад ирэв. Гарч ирсэн шигээ гайхалтай, сонин, содон шийдлийг тэр харин гаргаж чадсангүй.
У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “ Амь насаа алдахаас бол айхгүй, Ард түмний итгэлийг л алдахаас айна” хэмээн сүржин гэгч нь мэдэгдээд авсан. Үүний цаана ард олонд таалагдах амин хувиа хичээсэн буруу шийдвэрийг энэ эрхэм гаргачих юм биш биз. Ард олны өнөөдөр таалахгүй ч алс хэтдээ зөв байж болох том шийдлийг тэр хэзээ ч гаргахгүй юм байна гэсэн дүгнэлтэд цөөнх нь хүрсэн нь дамжиггүй ээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газраас их зүйл хүлээхгүй байх хэд хэдэн шалтгаан байгаа. Үүний ганцхан жишээ нь сайд нар. Шадар сайд нь Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын дарга нь Г.Занданшатар, Сангийн сайд нь Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд нь Д.Цогтбаатар. Эдгээр эрхмүүд өмнө нь засагт орж ажиллаж байсан. Амжилттай, гайхалтай хэмээн тухайн салбартаа магтагдаж байсан нь маруухан. Яахав ирсэн, бас буцсан, хийсэн, хийх гэж оролдсон гэх хэдэн үгээр хачир хийгдэж болно.
Д.Сумьяабазар, Н.Цэрэнбат мэтийн анх удаа сайд болж байгаа. Бас сайд болохын тулд олон ч хүнтэй нөхөрлөж, олон ч даргын үүдийг сахисан эдгээр залуус гийгүүлж гялтайлгах болов уу? Энэ хоёр эрхэм л гэхэд Уул уурхай, хүнд үйлдвэр, Байгаль орчин, аялал жуулчлал гэж эдийн засагт нөлөө үзүүлэх хоёр том салбар дээр очиж сайд хийнэ.
Энэ мэтээс харахад У.Хүрэлсүхийн Засгийн газарт туршлага гэхээс өөр яг үнэндээ мэргэжлийн гэх юм алга. Сайн менежер гээд хэлчихэд хүртэл учир дутагдалтай л харагдаж байна. Хэлсэн шигээ хийж, хэрэгжүүлнэ гэсэн найдлага бас итгэлийг өвөртлөөд л сууж байх л үлдлээ.