Уриалга
Монгол Ардын Намын анхан шатны байгууллагын эрхэм журмын нөхөд өө.
Сайхан намаржицгааж байна уу? Монгол Ардын Намын 28-р Их хурлын өмнө та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцах үүднээс бид энэхүү уриалгыг илгээж байна. Үзэл бодол, итгэл үнэмшлээрээ та бидний эвлэлдэн нэгдсэн манай намын удирдах дээд байгууллага нь Монгол Ардын Намын ээлжит Их хурал билээ. Намын үндсэн дүрмийн 1.5.1-д “Монгол Ардын Нам нь үйл ажиллагаандаа хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлах бөгөөд ил тод, нээлттэй байж, бодлого, шийдвэр гаргахдаа ард иргэд, гишүүд, дэмжигчдийнхээ хүсэл зоригийг илэрхийлэн хамгаална”, 1.5.2-т “Намын бүх шатны байгууллагын аливаа үйл ажиллагаанд гишүүдийн идэвхитэй оролцоог хангана” гэж заажээ.
Тиймээс бид дүрмийн энэхүү заалт болон МАН-ын Их хурлын төлөөлөгчийг сонгох журмын хүрээнд намын анхан шатны байгууллага болох тухайн үүр, сумын намын хорооныхоо төлөөллийг “Намын Их Хурал”-даа сонгохын төлөө зөв сонголт хийхийг эрхэм журмын нөхөд та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна.
Манай нам Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам учраас ХАМТЫН УДИРДЛАГА, ТЭГШ ЭРХ, ТЭГШ ОРОЛЦОО-г хангаж байх учиртай. Тиймээс намын удирдах дээд байгууллага болох Их хуралдаа намын анхан шатны байгууллагынхаа төлөөллийг сонгон оролцуулахыг цаг үе биднээс шаардаж байна.
Цаашлаад намын шат шатны байгууллагад намын анхан шатны байгууллагын төлөөллийг оруулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж байж та бидний санал, санаачлага намын шийдвэр гаргах түвшинд бодитойгоор хүрч тухайн үүр, сумын намын хороотой эргэх холбоотой хамтран ажиллах боломж бий болно. Намынхаа ирээдүйн төлөө энэ цаг мөчид та бид илүү эвийг эрхэмлэн, нэгдэж байж намын анхан шатны байгууллага нь шийдвэр гаргах дээд түвшинд оролцдог, хамтран ажилладаг тогтолцоотой болох шаардлагатай байна.
Журмын нөхөд та бүхнийг энэхүү санаачлагыг дэмжинэ гэдэгт гүнээ итгэж санал нэгтэй бүлгэм, клуб, үүсгэл санаачлагын байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байна.
“Улаан малгайт” “Бид хамтдаа” “Зүүн хүрээ бүлгэм” “Цэгцрэх”
хөдөлгөөн бүлгэм ТББ хөдөлгөөн