Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүрэлдэхүүнийхээ нэрийг намынхаа 32-ын бүлэгтэй зөвшилцөн нэг намын хамтарсан Засгийн газар байгуулахаар болсон билээ. 33 болон 32-ын бүлэг удаан зөвшилцсөний үндсэн дээр У.Хүрэлсүхийн засгийн газарт багтах 15 УИХ-ын гишүүнийг давхар дээл өмсгөж сайд болгохоор болсон. Ийнхүү сайдад нэр дэвшсэн гишүүдийн нэрийг Авлигатай тэмцэх газар, Ерөнхийлөгч Х.Баттулга нарт Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүргүүлээд байгаа билээ.
Авлигатай тэмцэх газрын зүгээс сайдад нэр дэвшсэн 15 гишүүний нэрийг судалж үзээд ашиг сонирхлын зөрчил үгүй гэсэн мэдэгдлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлээд байна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын өргөн барьсан нэртэй танилцаж хариу өгөөгүй байгаа юм. Түүний хувьд зөвшилцөх саналд 7 хоногийн хугацаанд хариу өгөх ёстой. Ерөнхийлөгчийн хариу өгөх хугацаа хараахан дуусаагүй байна.
Сайдад нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэсэн болохоос Ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авна гэж хуулинд заагаагүй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн санал ирсэн ирээгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд 15 сайдынхаа нэрийг УИХ-д өргөн барих эрх нь нээлттэй. Хүлээсэн, харсан, хариу ирнэ гэж итгэсэн. Харин ирүүлээгүй учраас Ерөнхийлөгчийг үгийг хүлээн авахгүйгээр шийдвэрээ гаргах эрх нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд байгаа гэсэн үг.
У.Хүрэлсүхийн хувьд сайд нарынхаа нэрийг УИХ-д өргөн барих хуулийн хугацаа маргааш буюу 10 сарын 18-нд дуусна. Түүний хувьд Ерөнхий сайдаар томилогдсон хугацаанаасаа хойш нэрээ оруулж ирэх хуулийн зохицуулалт нь ийнхүү дуусч байгаа юм. Иймээс Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн барьсан түүний саналд Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөртөө багтаан хариу өгөхгүй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа нэрийг УИХ-ын даргад өргөн барьж шийдүүлэхээс өөр арга байхгүй. Хэрэв өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа нэрийг өргөн барих юм бол маргаашаас эхлэн байнгын хороо хуралдаж, Пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар сайд нарыг эцэслэн томилох болов уу?
Эрх баригч намын 65 гишүүнтэй МАН-ын бүлэг хэдийгээр 2 хуваагдаж 33 болон 32-ын гэх бүлэг болсон ч зөвшилцөж, засгийн газраа байгуулж байгаа учраас сайд нарынхаа нэрийг ногоог гэрэл, цагаан шугамаар УИХ-ын босгыг давуулах нь гарцаагүй биз. Тэгэхээр Ерөнхийлөгчийн санал Засгийн газрын бүрэлдэхүүнд төдийлөн үнэтэй зүйл биш юм.