УИХ дахь АН-ын бүлгийн орон гаран шийдвэр

УИХ дахь АН-ын бүлгийн орон гаран шийдвэр

УИХ дахь АН-ын бүлэгт яг үнэндээ байр суурь гэгч зүйл алга. Салхинд хийсч явдаг хамхуул аятай л тоглолтыг энэ өдрүүдэд өрнүүлж байна. Сөрөг хүчин гээд сөрж зогсохын нэр биш. Энэ бол үнэн. Гэхдээ бодлоготой, бас буурь суурьтай асуудалд хандах учиртай. Гэтэл энэ бүлгийн байр суурь өдөр хоног, цаг минутаар өөрчлөгдөж байгаа нь улс төрийн тоглоомын дүрэмгүй, учраа олохгүй 9 жаал шиг харагдаж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшихэд АН-ын бүлэг 100% дэмжинэ гэсэн. Байж болох хувилбар. Үүгээр зогсохгүй сэтгэлийн хөөрлөөр  хандсан уу? Эсвэл хэн нэгэн тэдэнд чиглэл өгчихсөн үү бүү мэд. Ямартай ч сайд нарынх нь нэр тодорчхоогүй байхад л У.Хүрэлсүхийн оруулж ирсэн сайд нарыг 100% дэмжинэ хэмээн бардамнаж суулаа.

У.Хүрэлсүх сайд нарынхаа нэрийг тодруулж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн барихад хүртэл АН-ын бүлгийн зарим гишүүн бас л сайд нарыг бид ярьсан хэлсэндээ хүрч 100% дэмжих болно гэсэн мэдэгдлийг хийж байв.

Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өргөн барьсан сайд нарын нэрстэй танилцаж зөвшилцөх хариулт өгөхдөө Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй гэж мэдэгдэх нь тэр. Яг үүний дараа УИХ дахь АН-ын бүлэг бас л Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй хэмээн мэдэгдэж байна. Яг үнэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө хүссэндээ Ч.Хүрэлбаатарыг дэмжээгүй юу? Эсвэл Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын байр суурь байв уу? гэсэн асуултыг улс төрийн хүрээнийхэн өөр хоорондоо хэлэлцэж эхлээд байна.

 Үүнээс бас нэг гаргалгаа гаргаж байгаа нь АН-ын дарга нь С.Эрдэнэ хэдий ч Ерөнхийлөгч Х.Баттулга мөн ч гэсэн шийдвэр гаргах, тэдний улс төрийн тоглолтын найруулагч нь З.Энхболд хэвээрээ байна гэсэн хардлага  нийгэмд төрөөд байна. Үүнийг ч нийгмийн сүлжээнд байх магадлалтай гэсэн таамаг яриаг олон хүн гаргах болжээ. Үүний илэрхийлэх мэт шийдвэр нь Ерөнхийлөгч Х.Баттулгын сайд нараас ганцхан Ч.Хүрэлбаатараас татгалзсан, УИХ дахь АН-ын бүлэг бас л Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй гэж мэдэгдсэн зэрэг нь үүнийг нотлох мэт үйл явдал болж байна.