НИТХ-ын ээлжит 11-р хуралдаан 9 сарын 22-нд анх хуралдаж эхэлсэн. 10 гаруй хоног сунжирч байж арай ядан НИТХ-ын даргаа сонгож чадсан билээ. УИХ дээр МАН нь АН-ын бүлгийн дэмжлэгтэй Засгийн газраа огцруулсан бол НИТХ дээр АН-ын бүлгийн дэмжлэгтэй НИТХ-ын даргаа сонгож чадсан билээ.
С.Амарсайхан: НИТХ-ын ажил хэдэн сар гацсан. Одоо энэхүү ажлыг гацаанаас гаргах болно. Ийм амлалтыг НИТХ-ын даргаар сонгогдсоныхоо дараа өгч байлаа. Харин өнөөдөр бэлэн ам, шалдан гуя гэгчээр НИТХ-ын тэргүүлэгчиддээ хуралдуулж чадахгүй сууж байна.
Манлайлагч, лидер гэдэг бүгдэд хүлээн зөвшөөрөгдөж чаддаг. Харин манлайлагч, лидер биш бол бусдад хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй. Чадахгүй байгаагаа өөрөөсөө хайхын оронд өрөөл бусдыг буруутгаж, өөрт нь асуудал байхгүй мэт авирлах нь энгийн үзэгдэл гэж ухаантнууд хэлдэг билээ. Яг үүнтэй ижилхэн үйл явц НИТХ дээр өрнөж байна. Өнөөдөр НИТХ-ын эрх мэдлийг атгаж байгаа МАН дотор хэн нь манлайлагч, лидер вэ? Хэн ч биш. Үүний нотолгоо нь хоёр хуваагдсан, эрх мэдлийн төлөө төрийн ажлыг ч хойш шидсэн, шунаг сэтгэлтнүүдээс харж болно.
С.Амарсайхан НИТХ-ын дарга болохын төлөө зүтгэсэн. Эрх барих боломжийг олгосон нэгнээ дайрсан, бас давшилсан гэж олон хүн таамаг дэвшүүлэх болжээ. Тэрэн шигээ тэднийгээ өөртөө ойртуулж, асуудлаа шийдэж чадахгүй өнөөдрийг хүрчихлээ гэсэн шүүмжлэл ч нийгмийн сүлжээнд өрнөж байна. Улс төрч гэдэг бол нэг буулт хийж, хойш хоёр алхаж, урагш нэг алхах зарчимтай. Гэтэл С.Амарсайхан дарга НИТХ-ын тэргүүлэгчдээ хуралдуулж чадахгүй байгаадаа гоморхож, буруугаа бусдаас хайж, нөгөө талаа л буруутгах үгийг чулуудаад сууж байна.
НИТХ-ын тэргүүлэгчид 10 сарын 12-ний өдөр хуралдах гэж зар тараагаад чадаагүй. Тухайн өдрөө цагаа хоёр ч удаа хойшлуулж байв. Тухайн өдөр нэг ч тэргүүлэгч уг хуралд ирээгүй. Харин 10 дугаар сарын 19 өдөр мөн л НИТХ-ын тэргүүлэгчид хуралдах гэж зарлал тараасан. 3 төлөөлөгч ирж, үлдсэн нь ирээгүй. Ирээгүй шалтгаан нь С.Амарсайхантай огт холбоогүй гэнэ. Харин түүнийг НИТХ-ын даргаар сонгоогүй талын буруу гэсэн утга бүхий яриаг тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгчээ.
Эндээс харахад нийслэлийн иргэдийн төлөөлөгч нар даргаа хүлээн зөвшөөрөхгүй байна уу, эсвэл энэ хурлыг удирдахад нэлээн их чадвар, туршлага хэрэгтэй болдог уу гэсэн асуулт урган гарч ирнэ.
Хамгийн гол нь, НИТХ-ын өмнөх дарга нарын анхны хурлаа ирц бүрдүүлж чадаагүйн улмаас хойшлуулсан хүн байхгүй. Ялангуяа Э.Бат-Үүлийн үед НИТХ-ийн даргаар ажиллаж байсан Д.Баттулга нь НИТХ-ын ажлыг маш сайн авч явдаг байлаа.
Тэгэхээр төлөөлөгч, тэргүүлэгч нартаа хүлээн зөвшөөрөгдөж амжаагүй С.Амарсайханыг ажлаа хийж чадахгүй байна уу даа гэх хардлага нийгэмд төрж эхэлжээ. Түүнчлэн аливаа төлөөллийн байгууллагыг удирдан явуулдаг албан тушаалтан аль ч намаас сонгогдсон байлаа гээд улстөрөөр талцалгүй, олон талаас цугларсан төлөөлөгчдийн эв нэгдлийг зангидаж, үзэл бодлоо төв байлгахгүй бол шүүмжлэлд өртөж, яваандаа ажил цалгардуулах нь ойлгомжтой.
Нөгөөтэйгүүр олон чухал асуудал шийдэх ёстой, завсрын улиралд нийт иргэдийн итгэлийг хүлээн сонгогдсон төлөөлөгч нар нь хуралдаа ирдэггүй, шийдвэрлэх асуудалд оролцдоггүй, хариуцлага алдаж, үүнээс болж нийслэлийн ажил, нийслэлчүүдийн амьдралд халтай нөлөө үзүүлбэл энэ НИТХ-ыг тараах ёстой гэвэл буруудахгүй байх.
Өөрөөр хэлбэл, НИТХ-ын ажил тоглоом биш учраас үүнийг зангидах ёстой дарга нь анх амлаж байснаараа хотын ажлыг саатуулалгүй, хурдтай урагшлуулах шаардлагатай байна. Тэрнээс НИТХ-ын тэргүүлэгчид хуралдахгүй байгаа нь Нийслэлийн МАН-ын хоёр хуваагдсан асуудал гээд гомдол мэдүүлээд суух ёстой алхам биш юм. Угтаа бол Хурлын даргын гол үүрэг, үндсэн чиглэл нь эвдэрснийг нийлүүлж эв нэгдлийг хичээж, хэсэг бүлэг хүмүүсийн төлөө бус нийт 45 төлөөлөгчөө зангидах хүний л хийдэг ажил болохоор энэ удаад шинэхэн дарга С.Амарсайхан маань арай л түүхий байгаа бололтой.