Ж.Энхбаярыг УИХ-ын дэд даргад нэрийг нь дэвшүүлсэн ч Л.Энх-Амгаланд ялагдлаа

Ж.Энхбаярыг УИХ-ын дэд даргад нэрийг нь дэвшүүлсэн ч Л.Энх-Амгаланд ялагдлаа

Эрх баригч МАН-ын сандал суудлын хуваарилалт дуусаагүй байна. Засгийн газарт орсон сайд нарын зарим нь давхар албан тушаалтай байсан. Тодруулбал УИХ-ын дэд дарга, байнгын хорооны дарга гэх мэт албан тушаалыг хашиж байсан юм. Иймээс эдгээр албан тушаалд хэн хэн очих талаар зөвлөлдөж эхэлсэн байна.

МАН-ын 65-ын бүлэг хоёр хуваагдсан. Энэ ч үүднээсээ УИХ-ын дэд даргын суудлыг хэнд өгөхөө хэлэлцэж эхлээд байна. 33-ын бүлгийн зүгээс УИХ-ын дэд даргын суудалд Ж.Энхбаяр гишүүнийг нэр дэвшүүлээд байна. Түүний хувьд одоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм. Батлан хамгаалахын сайдад нэр нь яригдаж байсан ч өөрөө засагт орохоос татгалзсан нэгэн. Харин энэ удаад түүнийг дэмжигч гишүүдийн зүгээс УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн орыг залгах ёстой гэж үзэж байгаа гэнэ.

Харин 32-ын бүлэг буюу Ж.Эрдэнэбатын талынхан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нэрийг дэвшүүлээд байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байгаа түүнд итгэл хүлээлгэх нь зүйтэй гэж тэд үзжээ. Шадар сайдад нэр нь яригдаад унасан Л.Энх-Амгалан гишүүн дахиад л унаж мэднэ. Учир нь Ж.Энхбаярын нөлөө УИХ дахь эрх баригч намын 65 гишүүний дунд өндөр гэсэн таамаг явж байна.

Ямартай ч хэнийг нь УИХ-ын дэд дарга болгох эсэхээ 65 гишүүн эцэслэн шийднэ. Шийдэхийн тулд дахиад л зөвшилцөж таарах нь байна. Дундаас нь Ч.Улаан гишүүн нэрээ дэвшүүлэн гарч ирэх магадлал ч байгаа юм.

 МАН-ын удирдах зөвлөлөөс дээрх 3 эрхмийн нэрийг МАН-ын бүлэгт оруулжээ. УИХ дахь МАН-ын бүлэг нэр дэвшигч нар дээр санал хураахад хамгийн олон саналыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан авч УИХ-ын дэд дарга боллоо. Түүнийг УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр хэлэлцсэн бөгөөд гишүүдийн 98,5 хувийн саналаар дэд даргаар томилогдсон юм.