МАН-ын Улсын их хурал дахь 65 гишүүнтэй бүлэг 2 хуваагдаад хоёр сар болох нь. Энэхүү хуваагдал эвлэрч нэгдэх өнгө аяс бараг л байхгүй болсон гэж УИХ-ын гишүүд ам уралдан ярих болжээ.
Хэдийгээр У.Хүрэлсүхийн засгийн газрыг 33-ын бүлэг болон 32-ын бүлэг зөвшилцөж хамтран байгуулсан. Гэвч энэхүү засаг 1,5 жилээс бага настай байж болзошгүй гэдгийг чуулганы хуралдааны уур амьсгал харуулж эхэллээ.
У.Хүрэлсүхийг дэмжигч 33-ын бүлгийнхэн гомдолтой байна. Тэд дангаараа засгийн газрыг байгуулж, хариуцлага үүрэхийг хүссэн. Гэвч аргагүй шалаанд орж Ж.Эрдэнэбатын толгойлсон 32-ын бүлэгтэй нэгдсэн билээ. Гэхдээ энэхүү нэгдэл өнгөн дээрээ л сайхан харагдахаас хачир дээрээ бол ан цав ихтэй, нэг шуудайд хийсэн үхэрийн эвэр шиг байгаа гэнэ. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ халаглан өгүүлсэн билээ.