Онцгой байдлын Ерөнхий газраас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Отгонтэнгэр хайрханд авиралт хийж байгаад сураггүй болсон 17 иргэнийг эрэн хайх ажиллагааны талаарх албан ёсны мэдээллийг өгсөн юм.
Яг одоогийн байдлаар 7 иргэн амь насаа алдсан болохыг тогтоожээ. Уулнаас буусан 10 иргэний мэдээллийн дагуу Отгонтэнгэр хайрханы цасан нуранги болсон гэх цэгт Мэргэжлийн уулчин, аврах ангийн албан хаагчид очиж ажиллаж байгаа гэнэ. Тэдний зүгээс 11 цагийн орчим эхний амь насаа алдсан иргэнийг нуранги болсон газраас олсон байна. Нуранги болсон газар нь 3200 метрын өндөрт гэдгийг Онцгой байдлын Ерөнхий газраас өглөө.
Одоогийн байдлаар Шадар сайд Ө.Энхтүвшингөөр ахлуулсан 60 гаруй иргэн ажиллаж байна. Нисдэг тэргээр уулын оройн хэсгээр тандалт хийхийн хажуугаар мэргэжлийн уулчид нуранги болсон газарт очиж эрэн хайх ажиллагааг явуулж байна.
Онцгой байдлын Ерөнхий газрын зүгээс албан ёсны мэдээллийг өгөх хүртэл иргэд буруу мэдээлэлд автахгүй байхыг анхаарууллаа. Үүний зэрэгцээ сураггүй болсон 17 иргэний 13 нь эрэгтэй, 4 нь эмэгтэй. Тэрнээс насны хувьд тодорхой бус гэх мэдээллийг өгөв. Нийт 27 иргэн ууланд гарсанаас 3 хэсэг хуваагдаж, 10 хүний бүрэлдэхүүнтэй нэг хэсэг нь буусан. Харин 17 иргэн нь 2 хуваагдаж явж байсан гэх мэдээлэл байгаа гэнэ.
Одоо Онцгой байдлынхан болон мэргэжлийн уулчдын бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах ажиллагааны бие бүрэлдэхүүн 10 иргэнийг олохоор ажиллаж байна. Хэрэв эрэл бүрэнхий болоход дуусахгүй бол аврагч нарыг уулнаас буулгаж, маргааш үргэлжлүүлэх эсэхийг тухайн штабыг ахалж байгаа хүн шийдэх юм байна. Үзэгдэх орчин багасах төдийд л эрэлийн ажиллагааг зогсоох дүрэмтэй гэнэ.
Отгонтэнгэр хайрханы орчим өнгөрсөн шөнө 16-18 хэмийн хүйтэн хоносон. Өнөөдөр шөнөдөө 10 орчим хэмийн хүйтэн хоног цаг агаарын урьдчилсан мэдээ байгаа гэдгийг Онцгой байдлын Ерөнхий газраас мэдэгдлээ.