Сайдаас мултарсан Н.Учрал байнгын хорооны дарга болохоор зүтгэж эхэллээ

Сайдаас мултарсан Н.Учрал байнгын хорооны дарга болохоор зүтгэж эхэллээ

МАН-ын 65-ын бүлэг албан тушаалын хуваарилалтаа дуусгаж чадахгүй сэм уулзалтыг хийсээр л байна. Тус бүлгийн зүгээс 33 болон 32 гэсэн албан бус хоёр бүлэгт хуваагдаад байгаа. Тэдний хооронд зөвшилцлийн засгийн газар байгуулагдсан.

Харин энэ удаад 33 болон 32-ын бүлгийнхэн УИХ дахь албан тушаалыг хувааж авах тал дээр тохиролцох ажил эхлээд байна. Хамгийн эхний албан тушаалын наймаа нь УИХ-ын дэд даргын суудал байсан. Уг албан тушаалд сууж байсан Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон ажиллаж эхэлсэн. Иймээс МАН-ын бүлэг хуралдаж 32-ын бүлгийн төлөөлөл болох Л.Энх-Амгаланг уг албан тушаалд томилоод байна.

Харин одоо Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Өргөдлийн байнгын хорооны дарга Б.Сарангэрэл нарын оронд очих гишүүдийг тодруулах учиртай.

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Д.Лүндээжанцан гишүүн тавигдах магадлал маш өндөр байгаа гэнэ. Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар 33-ын бүлгийн төлөөлөл Н.Учрал гишүүний нэр яригдах болжээ. Тэрээр уг албан тушаалд очихын тулд гишүүдтэй уулзаж, тохиролцож яваа сураг дуулдаж байна.

Өргөдлийн байнгын хорооны даргаар мөн л 33-ын бүлгийн төлөөлөл болох сэтгүүлч мэргэжилтэй М.Оюунчимэг гишүүний нэр яригдаж байна. Өмнө нь тус хороог удирдаж байсан Б.Сарангэрэл гишүүн мөн л сэтгүүлч байсан. Иймээс өргөдлийн байнгын хороог сэтгүүлчээр ахлуулах сонирхол МАН-ын бүлэгт байгаа бололтой.

Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Улаан гишүүн өрсөлдөгч үгүй тодрох боломжтой. Гэвч 32-ын бүлгийн төлөөлөл уг албан тушаалд очих ёстой гэсэн байр суурь МАН дотор байгаа юм. Ийм ч учраас өмнө нь Чингэлтэй дүүргийн засаг даргаар ажиллаж байсан. Одоогийн УИХ-ын гишүүн Д.Ганболдын нэрийг дэвшүүлээд байгаа гэнэ. Энэ хоёр эрхмийн өндөр санал авсан нь уг албан тушаалд очих бололтой.