Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нарыг байнгын хорооны суудлаар шагнана

Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нарыг байнгын хорооны суудлаар шагнана

Ж.Эрдэнэбатын засгийн газарт ажиллаж байсан 15 сайд нарын зарим нь дахин албан тушаалд очих хувь заяаг өвөртлөөд эхэлжээ. Уг нь УИХ-аас Ж.Эрдэнэбатын Засгийн газар муу ажилласан гэж огцруулсан. Гэтэл зарим сайд нар нь сайн ажилласан. Иймээс тэднийг ирэх жилүүдэд сул гишүүн байлгаж болохгүй. Ядаж л байнгын хорооны дарга болгох ёстой гэх байр суурь 32-ын бүлгийнхнээс цухалзах болжээ.

Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн хамгийн түрүүнд Байнгын хорооны нэр дээр яригдаж эхэлсэн байна. Түүний хувьд Эдийн засгийн байнгын хорооны даргын суудлыг эзлэх бололтой. Уг суудал дээр одоо УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байгаа. Харин энэ удаад албан тушаалын зөвшилцөл дээр тулгуурлан Б.Чойжилсүрэн гишүүнд уг албан тушаал очих ёстой гэсэн байр суурийг 32-ын бүлгийнхэн илэрхийлээд эхлэв.

 Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан С.Бямбацогт гишүүний хувьд мөн л байнгын хорооны дарга болохоор яригдаж эхлээд байна. Түүний хувьд Хууль зүйн байнгын хорооны даргын суудалд нэр нь яригдаж эхэллээ. Уг албан тушаал дээр одоо УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ажиллаж байгаа. Ш.Раднаасэдийн хувьд 33-ын бүлгийн төлөөлөл. Харин С.Бямбацогт гишүүний хувьд 32-ын бүлгийнх. Тэгэхээр тохиролцох, зөвшилцөх шаардлага тулгарч байгаа юм. 33-ын бүлгийн хувьд гол байнгын хороог авч үлдэх сонирхол ихтэй гэсэн. Тэр дундаа Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хийх ажилд түлхэц болох үүднээс Ш.Раднаасэдийг үлдээх сонирхол байгаа гэнэ. Харин 32-ын бүлгийн хувьд С.Бямбацогтыг хоосон сул гишүүн байлгахын хүсэхгүй байна. Тэд заавал байнгын хорооны даргаар С.Бямбацогтыг ажиллуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа гэнэ.