Отгонтэнгэр ууланд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өчигдөр бүрэнхий болоход түр зогссон байна. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг өглөөний 06.20 цагт эхлүүлжээ.
Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгах ажлыг мөн эхлүүлсэн байна. Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа учраас уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгаа гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлллээ.
Эрэн хайх ажиллагааны бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байгаа юм байна. Цаг агаар тогтуун байвал уг багийнхан ажиллах нөхцөл бололцоо байгаа. Хэрэв цаг агаар муудвал эрсдэл үүсэх учир аврагчдын амь насыг аюулгүй байлгах тал дээр анхаарч ажиллах чиглэлийг албаныхан өгөөд байгаа гэнэ.
Ослын голомтод Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан шуурхай бүлэг өчигдөр 18:38 цагт Отгонтэнгэр уулын бэлд нисдэг тэргээр буусан. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, үүрэг чиглэл өгсөн байна.
Аймгийн Засаг даргын А/373 дугаар захирамжаар шуурхай штабыг байгуулан ажиллаж байна.
Өчигдөр голомтын бүсэд гэр, майхан, шатахуун, хоол хүнс, цахилгаан үүсгүүр, дагалдах хэрэгсэл, шаардлагатай эмийн нөөцийг хүргүүлэхээр гаргасан гэдэг мэдээллийг Завхан аймгийн Онцгой байдлын газраас өглөө.
Улсын онцгой комиссын шуурхай штабын ирүүлсэн мэдээллээр Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн, 27 автомашин, 2 нисдэг тэрэгтэйгээр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг ЗХЖШ-ын МИ-171 нисдэг тэргээр авчрахаар төлөвлөж байгаа талаар Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлэл өглөө.
Отгонтэнгэр хайрханд 27 иргэн авиралт хийсэнээс 10 иргэн амьд үлдээд байгаа юм. Харин 10 иргэн осолдож, амь насаа алдсан гэдгийг Онцгой байдлын Ерөнхий газраас тогтоож, цогцсыг Отгонтэнгэр хайрханы 3200-3400 метрийн өндрөөс буулгах ажлыг хийж байна. Үүний зэрэгцээ үлдсэн 7 иргэнийг хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Сүүлд онцгой байдлын Ерөнхий газраас өгсөн мэдээллээр 6:20 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн албан хаагчид 09:43 цагт 2 хүний цогцсыг олсон байна. Мөн эрэл үргэлжилж 10:40 цагт дахин нэг иргэний цогсыг олжээ. Харин хамгийн сүүлд авсан мэдээллээр 11:30 цагт дахин нэг иргэний цогцсыг Онцгой байдлын эрэн хайх багийнхан олоод байна.
Одоо 3 иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.