Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өнөөдөр ОБЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь өвс тэжээл, хүнсний нөөцийн салбаруудын ажилтай танилцлаа. Тэрээр өвөлжилт хүндэрсэн, хүндэрч болзошгүй зарим аймаг, суманд нөөцийн өвс, тэжээл татан төвлөрүүлэх, шаардлагатай үед бараа, материал хэрхэн нийлүүлж байгааг ч давхар шалгав. “Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч өвлийг өнтэй давах чиглэлээр анхаарлаа төвлөрүүлж ажиллах ёстой. ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн өндөр сахилга баттай, хариуцлагатай ажиллаж чадах юм бол зудыг онц хохиролгүйгээр давах бүрэн боломж бий. Олон Улсын донор байгууллагууд, НҮБ, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагуудад Шадар сайдын хувиар хандаж, өвөлжилтийн хүндрэлийг гарз хохирол багатай даван туулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг уриалсан. Тэдний үзүүлэх тусламжийг оновчтой, малчдын гар дээр шууд очиход онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гэж Шадар сайд онцоллоо.Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 70 хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Ялангуяа баруун, төв, зүүн аймгуудын зарим хэсгээр тал газраа 25-35 см, уулархаг гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан цастай байгаа тухай албаныхан танилцууллаа. Цас эрт орж, цасны зузаан нягтарч хатуурснаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ, халцарч, малын тарга тэвээрэг ч муудаж байгаа. Тиймээс зудтай болон зудын эрсдэлтэй сумдад нөөцийн өвс, тэжээлийг эрт хүргүүлснээр өвлийг хохирол багатай туулна гэдгийг Шадар сайд сануулав. Тэрээр мөн:
- Өвс, тэжээлийн хүрэлцээ багатай, өвөлжилт хүндэрсэн зарим суманд нөөцийн өвс, тэжээлийг шилжүүлэн байршуулахыг орон нутгийн удирдлагуудтай ярилцан шийдэх,
- Орон нутгийн онцгой байдлын байгууллага, онцгой комиссын гишүүд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, хэрэгцээтэй байгаа хүмүүнлэгийн тусламжийнхаа тоо хэмжээг бодитоор шуурхай гаргаж Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлж байх
- Орон нутагт 4330 тн өвс, 4330 тн тэжээл, 1080 тн хоол хүнс, 12759 хос дулаан хувцас, 557 тн шатахуун хэрэгцээгцээтэй гэсэн судалгаа бий. Олон улсын мөнгөн тусламжийг дээрх нэр төрлийн зүйлсийг худалдан авахад чиглүүлэх зэргийг үүрэг болголоо