Их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх, оюутны хотхоныг хотын захад төвлөрүүлэх тухай олон жил ярьсан. Харин алийг нь ч хэрэгжүүлээгүй л байна. Тэгвэл энэ ажлыг АШУҮИС ажил хэрэг болгохоор зорьж байна. Энэ тухай АШУҮИС-ийн захирал Г.Батбаатартай ярилцлаа.
-Юуны өмнө баяр хүргэе. Танай сургууль эрүүл мэнд, боловсролын салбарт анхдагч гэж хэлж болох том бүтээн байгуулалтын ажлыг амжилттай эхлүүлээд явж байна. Их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх ажлыг танай сургууль эхлүүлэх нь?
-Баярлалаа. Энэ ажлын эхлэл хэрхэн тавигдсан тухай товчхон мэдээлэл өгье. Өнөөдөр Анагаах ухааны их сургуулийн боловсролын тогтолцоо, их, дээд сургуулиудад тавигдах шаардлага XX зууны сүүлийн хагасаас их өөрчлөгдсөн. Дэлхий нийтийн бүх их, дээд сургууль их сургуулийн эмнэлэгтэй байж, эрүүл мэндийн салбартаа ажиллах хүний нөөц, эмнэлгийн ажилтан, эмч, сувилагчдаа чанартай, хүртээмжтэй, зөв хандлагатай бэлтгэдэг болсон.
Гэтэл өнөөдөр их сургуулийн эмнэлэггүй, эмнэлгийн тогтолцоогүй цорын ганц улс бол Монгол болоод байна. Учир нь, өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай боловсролын тогтолцоо хувьсан өөрчлөгдсөн ч нийгмийн энэ их өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхаж чадахгүй байгаагийн нэг шалтгаан энэ. Тиймээс манай үе үеийн удирдлагууд, багш нар донор байгууллагад хандаж, 2013 оноос энэ ажил маань хэрэгжиж эхэлсэн. Энэ үед анхны судалгааны баг Японоос ирж, манай бүх эмнэлгүүдтэй танилцсан.
Тэгээд '‘Манайд орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн эмнэлэг огт байдаггүй юм байна” гэсэн дүгнэлтийг хийсэн. Тиймээс анхны гэж хэлж болох сургалтын эмнэлгийн зураг төслийг орчин үеийн стандартад нийцсэн байдлаар хийж, барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ бол Монгол Улсад, эрүүл мэндийн салбарт оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Төслийн нийт өртөг 7 тэрбум 985 иен буюу ойролцоогоор 174 тэрбум 400 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хийж байна.
-Их сургуулийн эмнэлгийг ирэх онд хүлээж авна. Барилгын ажлын явц хэр байна вэ?
-Япон улсын буцалтгүй тусламжаар ЖАЙКА-гаас хэрэгжүүлж байгаа энэ төслийн үр дүнд АШУҮИС нь анагаах ухааны ололт амжилтыг нэвтрүүлсэн үндэсний шилдэг эмнэлэгтэй болох боломж бүрдэж байна. Энэ эмнэлэг жилд 192 мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэсэн тооцоог бид гаргаад байгаа. Энэ бол бүрэн тоноглогдсон сургалтын эмнэлэг.
Тиймээс резидент эмч нар, мэргэжил дээшлүүлж байгаа эмч нарт сургалтын танхим, номын сан зэрэг нь бүрэн төлөвлөгдсөн. Төлөвлөгөө ёсоор 2018 оны долоодугаар сарын 31-ны өдөр түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр барилгын ажлыг явуулж байна. Барилгын ажлыг Японы “Канто констракшн", туслан гүйцэтгэгчээр нь “Жунсон Констракшн" ажиллаж байна. Барилгын ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа.
-Сургалтын бааз эмнэлэг бэлэн боллоо гэхэд ард нь эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх, санхүүжилт төсвийн асуудлуудыг нь шийдвэрлэх зэрэг бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
-Бид энэ асуудлыг хоёр жилийн өмнөөс ярилцаж байгаад, ЖАЙКА-д хүсэлт тавьсны дүнд энэ эмнэлэгт ажиллах эмч, сувилагч, техникийн ажилчдаа бэлтгэх. Хоёрдугаарт, эмнэлгийн менежментийг зов удирдаж авч явах, сайжруулах төслийг 2017 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Япон улсын Токушимагийн их сургууль, Фужита Эрүүл мэндийн их сургуулийн эмнэлэг дээр манай менежментийн багууд, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар суралцана. Мэдээж, шийдвэрлэх ёстой олон асуудал байна.
Бид Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог шинээр нэвтрүүлэхийг зорьж байна.Хууль эрхзүйн орчинд ч ойлгомжгүй зүйл олон байна. Тухайлбал, дээд боловсролын тухай хууль, эрүүл мэндийн тухай хуулинд ч их сургуулийн эмнэлэг гэдэг зүйл алга байна. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор хаанаас санхүүжих вэ. Урсгал зардал болон хувьсах зардлаа хаанаас олох вэ гэх мэтчилэн санаа зовоох зүйл олон байгаа учраас бид шийдвэр гаргагч нарт мэдээллийг зөв хүргэх шат дараатай алхмуудыг хийж байна.
-Ботаникт дан ганцхан анагаахын сургуулийн эмнэлэг бус эмнэлэг, сургуулийн цогцолбор барих гэж байна. Энэ талаараа товчхон мэдээлэл дуулгаач?
-Баянзүрх дүүрэгт эмнэлгийн хүрэлцээ хангамж хомс. Тиймээс энэ дүүргийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлнэ. Япон талынхаа байгууллагуудтай ярьж байгаад яг энэ эмнэлгийнхээ хажууд, АШУҮИС-ийн сургалтын шинэ цогцолборыг барихаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг бид 2016 онд гаргаад, сургуулийнхаа эхний барилгыг өөрсдийнхөө хөрөнгөөр бариулаад, энэ ондоо багтааж хүлээж авах гэж байна.
Өнгөрсөн наймдугаар сарын 31-ны өдрийн тогтоолоор энэ төслөө танилцуулаад, 2018 оны улсын төсөвт сургалтын цогцолборынхоо үлдсэн хэсгийг бариулахаар 14.3 тэрбум төгрөгийг суулгахаар болсон. Мөн ирэх онд бид өөрсдийн болон хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр эмнэлгийнхээ хажууд 1,500 оюутны дотуур байр, резидент байрыг барихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ бүгдийг бид нэг дор төвлөрүүлж байж, 2020 он гэхэд сургалтын эмнэлгээ бүрэн утгаар нь үр дүнтэй ашиглана.
- Бүтээн байгуулалтын санхүүжилтийн дийлэнх нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа. Харин манай талаас шалтгаалах бусад санхүүжилтийн асуудал нь шийдэгдсэн үү?
- Буцалтгүй тусламжийг хүлээн авч байгаа улс орон тэр төсөвт өртгийнх нь 10 хувийг өөрсдөө гаргах. дээрээс нь гаалийн татвараас чөлөөлөх гээд хууль эрх зүйн орчиндоо тодорхой тусгаад өгчихсөн байдаг юм байна.Тиймээс ирэх оны улсын төсөвт 16.6 тэрбум төгрөгийг суулгуулахаар хүсэлтээ гаргачихсан байгаа. Хэрэв УИХ маань энэ байдлыг ойлгоод төсөвт суулгаад өгчихвөл ирэх жилийн хагасаас эхлээд бид үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явна.
Япон улсын Засгийн газар, ЖАЙКА барилгыг нь барьж өгнө, тоноглолыг нь хийж өгнө, тоног төхөөрөмжийг нь суулгаж өгнө. Бусдыг нь Монголын тал хариуцах учраас бид БСШУСЯ-аар дамжуулан Сангийн яаманд саналаа хүргүүлсэн, Энэ асуудал ганцхан АШУҮИС-ийн асуудал биш, Монголын ард түмний эрүүл мэндийн чухал асуудал учраас энэ асуудал нааштай шийдэгдэнэ гэж бодож байна.
-Тэгвэл ирэх жилээс танай сургууль хотын зах руу нүүх юм байна. АШУҮИС-ийн долоон сургууль энд төвлөрөх үү?
-АШУҮИС бол 10 мянган оюутантай том айл. Нийт 23 хөтөлбөрөөр анагаахын болон эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэдэг. Энэ олон хөтөлбөрийн зөвхөн нэг нь эмч бэлтгэдэг. Тиймээс энэ сургуулийг төгсөж байгаа оюутан болгон энэ эмнэлэгт бужигнаад байхгүй. Энэ эмнэлгийн үндсэн үүрэг нь төгсөлтийн дараах сургалт буюу резидент эмч нар, хот хөдөөгөөс мэргэжил дээшлүүлэх эмч нар ирж суралцах юм.
АШУҮИС н ь Улаанбаатар хотод долоон бүрэлдэхүүн сургуультай. Хөдөө орон нутагт салбар гурван сургуультай. Нийт оюутнуудаа тооцвол 13 мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн суралцдаг. Хэрэв 2020 он гэхэд энэ цогцолбороо бүрэн ашиглалтад оруулж чадвал АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль, Эмзүйн сургууль, Сувилахуйн сургууль гэсэн энэ дөрвөн сургууль Амгалан руу нүүнэ. Эндээ бид багш ажилчдын байрыг хүртэл төлөвлөөд явж байна. Хэрэв багш ажилчид. оюутнууд, хичээлийн байр, эмнэлэг гээд бүгд эндээ төвлөрчихвөл 10 мянган хүн энэ хашаанд ажиллаж, амьдарна гэсэн үг.
- Ард нь олон сургуулийн барилга сулрах юм байна. Энэ тооцооллыг бас хийж үзсэн байх?
-Хотын баруун захад, гуравдугаар эмнэлгийн ард байгаа Сувилахуйн сургууль, Эм зүйн сургууль, Чингэлтэй дүүргийн 32-ийн тойрогт байгаа Нүүр ам зүйн сургуулийн барилга бүгд суларна. Эдгээр барилгыг сургууль, цэцэрлэг болгох байдлаар ашиглаж болно. Бид их сургуулийнхаа цогцолборыг энд төвлөрүүлж чадвал төрөөс дандаа юм нэхээд, аваад байхгүй Салбар сургуулиудынхаа суларсан барилгыг төрд буцааж өгнө. Мөн арслантай гүүрний наана байгаа 800 оюутны байрыг бас төрд хүлээлгэж өгнө. Энэ бол сайн жишиг, тусламж болно гэж бодож байна.
эх сурвалж: Зууны мэдээ сонин