Авлигатай тэмцэх газраас Төрийн өмчит үйлдвэрийн газарт шалгалт явуулж эхлээд байгаа билээ. Уг шалгалтын дүнгээр олон зөрчил илэрч байгаа гэнэ. Үүний нэг нь олсон орлогоо урамшуулал нэрээр тараагаад дуусдаг Төрийн байгууллага олон болсон гэдгийг Авлигатай тэмцэх газрынхан учирлаж байна. Тухайлбал: Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн хувьд 2015 онд 2.2 тэрбум, 2016 онд 2.7 тэрбум, 2017 оны нэгдүгээр улиралд 381 сая төгрөгийн урамшууллыг олгосон байжээ. 2017 онд тараасан урамшуулал нь Авлигатай тэмцэх газрынхан тус байгууллагад шалгалт хийж байх хугацаатай давхцаж байгаа гэнэ.
Энэхүү урамшуулал нь зарим төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн бүтэн жилийн зардалтай тэнцэж байгааг Авлигатай тэмцэх газрынхан мэдэгдлээ. Нэг үгээр хэлбэл төрийн орлого оновчтой биш зарцуулагдаж байгаагийн ганцхан жишээ нь энэ юм.
Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь хувийн компаниудтай зэрэгцэн интернэт сүлжээ буюу шилэн кабель түрээслэх үйлчилгээг үзүүлдэг. Нэг үгээр хэлбэл Төрийн нэрээр далайлган хувийн хэвшилтэй өрсөлдөж, монопол зан гаргадаг байгууллагын нэг юм. Тус байгууллага нь төрд өөрөө орж монополь байдал тогтоож буцаагаад төрд өндөр үнээр түрээсэлдэг гэх тайлбарыг авлигатай тэмцэх газраас өгсөн мэдээлэлд дурджээ. Өөрийн орлогоо ч ингэж бүрдүүлдэг. АТГ энэ мэт зөрчлүүдийг илрүүлж, зарим шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна гэж АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээллээд байна.