Монголоос гадны улс орнуудад зорчих агаарын тээврийн тийз бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байгаа. Тийзний үнэ бууруулах асуудлаар БНСУ-д суугаа монголчуудын зүгээс хэд хэдэн удаагийн шаардлагыг албаны хүмүүст тавиад байсан ч нааштай хариу гараагүй байна.
Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа аваад Төмөр зам, далайн тээврийн бодлого, Иргэний нисэхийн салбарын удирдлагуудтай уулзалт хийж салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг сонсож тодорхой үүрэг чиглэл өгөөд байна. Тухайлбал МИАТ компанийн санхүүгийн чадавхийг сайжруулах, зарим улс орнуудтай байгуулсан агаарын харилцааны тухай хэлэлцээрийг шинэ түвшинд гаргах, шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх асуудалд анхаарал тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Энэ үеэр МИАТ ТӨХК-ийн зорчигчийн билетний үнийг бууруулах боломж бололцоог эрэлхийлж, ойрын хугацаанд саналаа боловсруулж оруулж ирэхийг холбогдох удирдлагуудад үүрэг болгосон байна.
Олон сар хүлээгдэж байгаа энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэснээр зорчигчдын урсгал нэмэгдэх, агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөн бий болох, үүнийг дагаад аялал жуулчлал, эдийн засгийн олон талт үр дүн гарна гэдгийг онцлон сануулж, хэрэв асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол ажлын үр дүнтэй уялдуулан хариуцлага тооцно гэдгээ хатуухан мэдэгджээ.
эх сурвалж:todynews.mn