Төрсөн эцэг нь 3 настай охиноо хүчинддэг байсан гэнэ

Төрсөн эцэг нь 3 настай охиноо хүчинддэг байсан гэнэ

Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар нийгмийг цочроосон жигшүүрт хэргийн мэдээлэл ар араасаа хөвөрч, нийгэм нийтээрээ жагсаал тэмцэлдээ тулаад байгаа билээ. Таван настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн, 13 настай охин зочид буудалд амиа алдсан хэргүүдийн учиг тайлагдаж амжаагүй байхад дахин нэг жигшүүрт хэрэг гарлаа. Тодруулбал, төрсөн эцэг нь гурван настай охиноо хүчиндсэн хэрэг Төв аймагт гарсан байна. 

Баттай эх сурвалжийн өгсөн мэдээллээр аав нь охиноо хүчиндсэн нь нэг удаагийн хэрэг биш бөгөөд охин энэ талаар ээждээ ч хэлдэг байсан байна. Энэ талаар охины ээж “Аав намайг өвтгөөд байна гэж хэлэхэд нь төрсөн эцэгт нь итгэн охиныхоо яриаг төдийлөн анзаардаггүй байсан...” хэмээн мэдүүлжээ. Уг хэрэг охины ээж, гэр бүлийнхнийх нь мэдээллээр биш эмнэлгийн үзлэгээр ил болж, цагдаагийн байгууллагад мэдээлэгдсэн байна. Ингээд Хүүхдийн тусламжийн утас 108 болон холбогдох байгуулагуудад хандсан байна. Охиныг хамгаалалтад авч, ээжийнх нь хамт эмнэлэгт хэвтүүлэн эмчтилж буй юм байна. Охины эцэг эх 30 орчим насныхан бөгөөд эхнэр нь ч нөхрийнхөө хүчирхийлэлд байсан байж болзошгүй аж.   

Энэ талаар Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын хэлтсийн мэргэжилтэн Г.Саранхүүгээс тодруулахад “Энэ хэргийн дуудлага мэдээлэл Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт энэ сарын 22-ны өдөр ирсэн. Бид тус аймгийн Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн хэлтэст мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Охин ээжийнхээ хамт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Эрүүл мэндийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлнэ” гэсэн юм.  

Харин хэрэгт холбогдуулан эцгийг нь цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Хэрэг шалгагдаж байгаа тул цагдаагийн байгууллага мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

эх сурвалж:time.mn