Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан юм. Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарыг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголын төсөлд шинээр нэмэгдсэн 16.4 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 11 төсөл арга хэмжээг хөрөнгө оруулалтын жагсаалтаас аудитын дүгнэлтгүй 32.6 тэрбум төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 4 төсөл арга хэмжээг “барих-шилжүүлэх” концессын төсөл арга хэмжээнээс тус тус хасаж, Үндэсний Аудитын газрын дүгнэлтийн дагуу 2 төсөл арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 1.2 сая төгрөгөөр бууруулж тооцжээ. Төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбогдуулан Нийгмийн даатгалын сангийн зардлыг 457.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 1,907.5 тэрбум төгрөгөөр тооцож Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тодотголын төсөлд тусгасан байна. Эдгээр өөрчлөлтийг 2017 оны төсвийн тодотголын төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,537.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23,8 хувь, нийт зардал 9,154.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.4 хувь болж, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,617.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.5 хувь болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 0.04 пунктээр буурсан аж. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлага бий хэдий ч нэг удаагийн буцалтгүй тусламж олгох шийдвэр нь оновчгүй, үүний оронд ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр зарцуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлэв. Төр хувийн хэвшлийг дэмжих зөв арга замыг олох ёстой, өнгөрсөн хугацаанд төр бүхнийг хийх гэж оролдон мөнгө тараах, бизнес хийж, үнэ тогтовржуулах нэрээр мөнгө хэвлэж тараасан, бондын мөнгийг тараасан нь үр дүнд хүрээгүйг Сангийн сайд тэмдэглээд бодлогын түвшинд хийх хувилбарын талаар танилцуулсан. Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох шийдвэр нь Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар хоорондын гурван талт хэлэлцээрээр ярилцаж тохирсныг ОУВС-гийн гэрээгээ зөрчихгүйгээр дундын хувилбараар шийдэж байгааг гэдгийг мөн тайлбарлав. Ийнхүү бусад гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулахаар боллоо.
Ийнхүү дээрх өөрчлөлт хийгдсэн нь Төрийн 191 мянган албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж болох 300,000 төгрөгийг тараахаар болж байгаа юм. Энэхүү мөнгөн дүн нь зөвхөн 2017 оны төгсгөлд л гэхэд төсөвт 54 тэрбум төгрөгийг тусгаж байгаа юм. Иргэдийн хувьд бэлэн мөнгө тараадаг энэхүү сэтгэлгээнээс салах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Харин Засгийн газрын зүгээс ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан багш, эмч нарын эсэргүүцлийг түр намжаахын тулд энэхүү аргыг хэрэглэв бололтой.
Нэг удаагийн өнгөц авсан арга хэмжээ нөгөө талдаа асуудал дагуулж мэдэх юм. Хэрэв 300,000 төгрөгийг нэг дор тараагаад эхлэх юм бол үнийн хөөрөгдөл бий болох эрсдэлтэй. Нөгөө талдаа хэт их бэлэн мөнгөний урсгал нь инфляцийг өсгөх сөрөг талтай талаар ч эдийн засагчид шүүмжилж байна.
Ямартай У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 оны төсвийн төсөлд тодотгол орууллаа. Хөрөнгө оруулалтын зарим зардлыг танаж хассан ч бэлэн мөнгө тараах шийдвэрт хүрсэн учраас нээх их сайн төсөв болж чадсангүй гэхэд болно.