Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц нар өчигдөр хатуухан мэдэгдэл хийж, хэн хэнийгээ хэмлээд авсан билээ.
Тагнуулын Ерөнхий газрындарга Б.Хурц нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг С.зоригийн хэргийг нуун дарагдуулагч. Уг салбарт ирэх болгондоо ажлын хэсгийг өөрчилдөг гэх утгатай тайлбар өгсөн. Мөн Эрдэнэт үйлдвэрт шахаа хийдэг хүмүүсийн нэг нь Ц.Нямдорж болон түүний ойр тойрны хүрээлийнхэн гэх утгатай үгийг ч унагасан билээ.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц бол улс төрчийн гар хөл болсон хуулийн салбарт шургалсан нэгэн. Түүний ард хэн байгааг мэдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотойгоор л энэ асуудлыг ярьж байна. Зул бөхөхийнхөө өмнө жаахан бадамладаг тэр л боллоо гэв.
Ийнхүү С.Зориг болон Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг шийдэхийн тулд Засгийн газар ажиллаж эхэллээ. Засгийн газрын гол хоёр бүтэц болох Хууль зүй, дотоод хэргийн яам болон Тагнуулын Ерөнхий газар хооронд тулалдаж болохгүй. Иймээс засаг дээр санаачлага гарч асуудлыг шийдэхийн тулд ажлын хэсэг байгуулжээ.
“Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанид Ажлын хэсэг ажиллана
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа.
Ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахлах бөгөөд гишүүдээр Хууль зүй, дотоод хэрэг, Уул уурхай, хүнд үйлдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Монголбанкны дэд ерөнхийлөгч, ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг томилов.
Ажил, үүргийнхээ хүрээнд дэд ажлын хэсэг ажиллуулах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, холбогдох шийдвэрийнхээ төслийг 2017 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.
Ийнхүү Ц.Нямдоржийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлсэн Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийн асуудлыг Засгийн газрын 100 хоногт багтаахаас өмнө шийдвэрлэнэ гэсэн амлалтынх нь ажил эхлэв бололтой.
Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар хамтран Эрдэнэт үйлдвэрт хийх шалгалтын ажлын хэсэгт багтчихлаа. Тэгэхээр хэн хэн нь бие биеэнийхээ эсрэг материалыг цуглуулах боломж нь бүрдэв гэж зарим улс төрчид тохуурхаж сууна.