“Би Төв аймгийн харьяат, Монгол Улсын жирийн нэг иргэн. Арван сар хүлээсэн үрээ өчигдөр шөнө гурван цагийн үед эмч нарын гар дээр алдлаа. Эрүүл саруул байсан үрийг минь эмч нар хариуцлагагүй байдлаасаа болж үгүй хийлээ...” хэмээн үрээ алдаж харамсан гашуудсан залуу манай сайтад хандлаа.
Тэрбээр “Эмнэлгийн орон дээр гашуудан хэвтэх эхнэр минь үнэхээр өрөвдөлтэй байна. Хоёр хоног өнгөрчихөөд байхад эмнэлгийн зүгээс ямар ч тайлбар хийгээгүйн дээр, хариуцлага хүлээх хүн олдохгүй байна. Хэнээс хариуцлага нэхэх вэ” хэмээсэн юм.
Эмч нарын буруугаас эх, үр эндсэн гэдгийг өмнө нь сонсож байснаас биш, өөрт нь энэ зовлон ирнэ гэдгийг төсөөлөөгүй байсан залуу хос аргаа барахдаа хэвлэлийн байгууллагад ийн хандлаа. Эхнэрээ эмнэлэгт сахиж буй Н.Ариунбаяртай юу болсон талаар ярилцлаа.
-ХИЙСВЭР ХИЙЛГЭЕ ГЭХЭД ЭРС ДУРГҮЙЦЭЭД БАЙСАН-
-Юу болсон талаар тодорхой ярихгүй юу?
-Аравдугаар сарын 24-ний өглөө эхнэрийн маань ус нь бага хэмжээгээр гараад байхаар нь бид хоёр аймгийн нэгдсэн эмнэлэгт 11 цагт очсон. Тэгээд яаралтай тусламжийн тасагт ортол эмэгтэйчүүдийн эмчдээ үзүүлээд хэвтэх бичиг заавал ав гэсэн. Ингээд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх гэтэл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн хоёр эмч хоёулаа өрөөндөө байгаагүй.
-Үзүүлж чадаагүй юу?
-Хүлээж байгаад үзүүлсэн. Өдөр хоёр цагийн үед Батцэцэг эмч ирж үзсэн. Тэр эмчид өнгөрсөн долоо хоногт нь үзүүлэхэд төрөх болоогүй, 11 сарын 30-нд төрөх юм байна гэж эхнэрт маань хэлсэн байсан. Уг нь төрөх хугацаа нь аравдугаар сарын 29-нд байсан.
-Батцэцэг эмч үзээд эх, хүүхдийн байдал хэвийн байна гэж хэлсэн үү?
-Батцэцэг эмчээр хэвтэх бичиг хийлгүүлж аваад, төрөх тасагт хэвтэхэд дөрвөн цаг өнгөрч байсан. Төрөхөд ямар ч асуудалгүй гэж Батцэцэг эмч хэлж байсан. Бид хоёр хотод бас хувийн эмнэлэгт давхар хяналтад байдаг байсан. Төрөх тасагт ороод хэвтэхээр шууд ургийн зүрхний бичлэг хийдэг юм билээ. Тэр журмаар манай эхнэр ч хийлгэсэн.
-Эхнэрийн тань савны амсар хэдэн хуруу нээгдсэн байсан юм бэ. Бүрэн нээгдээгүй байхад нь ургийг татсан гэсэн үг үү?
-Хувийн эмнэлгийн эмч маань хүүхдийн байрлал жаахан буруу байгаа. Гэхдээ нэг их асуудал болохгүй гэж хэлж байсан. Бид эмнэлэгт хэвтэхдээ ч энэ тухай эмчийн бичсэн онош, эхоны зургийг бичиг баримтууддаа хавсаргасан байсан. Ус гараад Батцэцэг эмчид үзүүлэхэд савны амсар 4-5 хуруу нээлттэй байсан. Дөрвөн цагт хэвтсэнээс хойш шөнийн 12 цаг хүртэл сэдэл өгч хүчээр өвдүүлж эхэлсэн. Энэ хугацаанд ургийн зүрхний бичлэг 4-5 удаа хийсэн. Мөн урьдчилсан үзлэг таван удаа хийж, савны амсар гүйцэд нээгдсэн эсэхийг шалгасан байсан.
-Савны амсар нь нээгдэхгүй байсан юм уу?
-Тийм ээ. Тэгээд эхнэр маань өөрөөрөө төрж чадахгүй юм байна, хийсвэр хийлгэе гэж эмчдээ хэлэхэд үгүй гээд загнаад байна гэж над руу долоон цагийн үед ярихдаа хэлж байсан. Тэгэхээр нь би эмч нараас нь гуйж байгаад найман цагийн үед ороод шөнийн хоёр цаг хүртэл эхнэртэйгээ хамт байсан. Намайг хажууд нь байх хугацаанд хүртэл эхнэр маань хийсвэр хийлгэе гэж эмч нараас хэд хэдэн удаа гуйсан ч эмч нар эрс дургүйцээд байсан.
-БОЛСОН ЯВДЛЫГ БИ БҮГДИЙГ НҮДЭЭР ХАРЖ, ЧИХЭЭР СОНССОН-
-Эмч нар болсон явдлын дараа та бүхэнд ямар тайлбар хэлсэн бэ?
-Одоо болтол ямар ч тайлбар хийгээгүй. Манай сумын засаг дарга аймагт ирж эмнэлгийн даргатай уулзсан. Эмнэлгийн дарга нь эмч нарынх нь буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна лээ. Төрөхийн орон дээр 12 цагаас гурван цаг хүртэл өөрөөр нь төрүүлэх гэж оролдсон. Эхнэр маань 15 цаг өвдсөн учраас ямар ч тамиргүй болчихсон байсан. Эмэгтэйчүүдийн эмч Батцэцэг өөрөө эх барих ажиллагааг хариуцаж байсан. Ингээд “За болохгүй нь ээ. Наанаас нь давхар соруулж татъя” гээд эхнэр бид хоёроор гарын үсэг зуруулсан. Соруулсны дараа хүүхдийн тархинд цус харваж магадгүй учраас аав, ээж нь гомдолгүй гэж гарын үсэг зурах хэрэгтэй гэсэн. Ингээд соруулах багажаа угсрахад тэр нь ажиллаагүй.
-Багаж нь эвдэрхий байсан юм уу?
-Эмч нь сувилагчаасаа “Наадах чинь яачихсан юм бэ” гэхэд “Мэдэхгүй байна. Өмнө нь ажиллаж байсан” гэж хариулсан. Хийсвэр хийе гэтэл хүүхэд хэтэрхий доошилчихсон учраас цаг хугацаа алдана гээд хийгээгүй. Ингээд хүүхдийн толгойд ломбо хийж татахад мултарсан. Дахиад 4-5 удаа оролдоод чадаагүй. Хүүхдийн зулай харагдаж байсан. Тэр үед цаг хоёр болж байсан. Хүүхдийн зүрхний цохилт 120, 80-тай байсан. Эмч нар сандралдаад хайч аваад, шууд эхнэрийн маань хярзанг хайчилсан. Тэр их өвдөлтийг тэвчиж, эхнэр маань төрөхийн орон дээр гараа урагдтал тэмцэлдсэн. Орны бариул нь хамгаалалтгүй төмөр байсан учраас чанга атгаж татсанаас болж эхнэрийн маань гар зүсэгдсэн. Ингээд хүүхдийг гаргаж чадаагүй Батцэцэг эмч яаралтай түргэн тусламжийнхаа эмчээс тусламж хүссэн. Эмч нь ирээд дахиад нэг соруулсан ч гаргаж чадаагүй. Бүр сүүлдээ хоёр том төмөр хийж татаад бараагүй. Хийсвэр хийгээч гэж нэг цагийн үед хэлж байсан ч авч хэлэлцэлгүй эцэстээ ийм байдалд хүргэсэн.
-Энэ бүхнийг та хараад байж байсан уу?
-Тийм ээ. Гурван цаг болоход хүүхдийн зүрхний цохилт буурч эхэлсэн учраас дөнгөж сая хийсвэр хийх шийдвэр гаргасан ч оройтсон. Хийсвэрт бэлтгэх гэж байна гэж цаг алдсан учраас хүүхэд маань бүтсэн. Тэр хавиар маш их цус асгарч, цацарсан. Нүд халтирмаар байсан. Хүүхдийн маань зулай харагдаад байхад эмч нар гаргаж чадаагүй. Ингээд өглөөний 3-6 цаг хүртэл эх хүүхэд хоёрыг салгаж, оёдол тавьсан.
-ЭХНЭР МААНЬ БИЕ, СЭТГЭЛИЙН ӨВДӨЛТӨӨ АРАЙ ЧҮҮ ТЭСВЭРЛЭЖ БАЙНА-
-Үнэхээр харамсалтай явдал болжээ. Эхнэрийн тань бие гайгүй юу?
-Эхнэр маань сэтгэл санаагаар маш их унасан. Өчигдрөөс хойш юм ч идээгүй. Биеэ даахгүй, явж чадахгүй. Ямар ч тамиргүй байна. Энд тэнд төрсөн хүүхдүүд уйлалдаад эхнэр бид хоёрт үнэхээр хэцүү байна. Эхнэр маань сэтгэл санаанаас гадна уруулж, хайчлуулсан оёдлынхоо өвдөлтийг арай чүү тэсвэрлэж байна. Эмч нар ийм хариуцлагагүй хандаж, бид хоёрыг үрээс минь салгачихаад уучлалт ч гуйгаагүй. Дахин орж ирж уулзаагүй. Хоёр талын гэр бүлийнхэн эмнэлгийн гадна хоёр хонож байна. Ганц ч тайлбар өгөөгүй. Хуралдаж байж тайлбар өгнө гээд таг болсон. Эмч нар нь даргадаа хэлэхдээ ураг угаасаа эмнэлэгт ирэхдээ бүтэлттэй ирсэн. Эхийг нь л аварлаа гэж хэлсэн байсан. Батцэцэг эмч “Эхийн сэтгэл санаа бэлэн биш байна, өөрөөрөө төрж чадах юм уу” гэж ярьж байсан хэрнээ яаралтай хийсвэр хийгээгүйд маш их гомдолтой байна. Би бүхнийг сонсож, харж байсан.
-Та цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу?
-Аймгийн цагдаагийн газарт уржигдар өргөдөл бичиж өгсөн. Шүүх эмнэлэгтэй хамт очиж хүүхдэд маань задлан хийнэ гэсэн ч одоо хүртэл ирээгүй байна. Эмнэлгийн дарга нар нь тайлбар хийхгүй зугтаад байна. Өглөө нь эмч нар эхэс болон хүй хоёрыг нь надад үзүүлээд энэ хоёрт асуудал байсан учраас хүүхэд гарахгүй байсан байна. Төрөхөөс нь өмнө эход харах байсан гэж ярилцаад байсан. Эмч нар хүүхэд буруу байрлалтай байсныг бичсэн хяналтын дэвтрийг харсан, эсвэл төрүүлэхээсээ өмнө эход харсан бол бид хоёр хүүхдээ алдахгүй байлаа. Эмч нар дэвтэр ч хараагүй, эход ч хараагүй. Үнэхээр гомдолтой, хэлэх ч үг олдохгүй байна.
Б.ЦЭЛМЭГ
эх сурвалж: medee.mn сайт