Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоог тойрсон мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх боллоо. Идсэн, гувшсан, үрсэн, тараасан, нураасан хөрөнгө л Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад байдаг гэнэ. Түм буман төгрөгт тооцогдох хөрөнгөтэй байсан тус байгууллагыг өнгөрсөн хугацаанд удирдсан эрхмүүд хоосолж дууссан юм байхаа.
Монголын ажилчдын эрх ашгийг хамгаалах ёстой энэ байгууллага яах аргагүй олон хөрөнгөтэй. Тэр хөрөнгө өнөөдөр тус байгууллагад байгаа юу? Наанадаж л талбайн баруун талынх нь төв байр, баруун 4 замд байрлах Соёлын ордон нь өнөөдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн нэр дээр байх ёстой. Лавлаж асуухад уг байгууллага нь МҮЭХ-ны нэр дээр байгаа гэж байна. Тэгэхээр өнөөх үрэгдэж, дууссан хөрөнгө чухам хаана байж байгаад хаашаа алга болчихсон юм бол. Үүнд л гайхшрал төрөөд байна.
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Үйлдвэрчний эвлэлийн байгууллага бол улс төрийн намуудаас тусдаа үйл ажиллагаа явуулах учиртай тусгай чиг үүрэг бүхий байгууллага. Ийм байхад нэр бүхий улс төрийн нам цаашдын зорилгоо биелүүлэх үүднээс Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг үзэл санааны хэрэгсэл болгон ашиглахаар зорьж буй харамсаж байна. Манай байгууллагын нягтланг ажлаас чөлөөлөгдөх тушаал нь гараагүй байхад өөр байгууллагад шилжүүлж, улмаар нягтлан хүн бичвэл итгэл үнэмшил төрнө гэх үүднээс түүний нэрээр гүтгэлгийн шинж чанартай материалуудыг хэвлэлээр түгээсэн явдал хүртэл гарлаа.МҮЭХ-ны зүгээс цаашид энэ мэт гүтгэлгийн шинж чанартай нийтлэгдэж буй материалын асуудлаар Цагдаагийн байгууллагад хандаж,албан ёсоор шалгуулах болно. Олон нийтийн цахим хуудас ашиглаж, манай байгууллагыг гүтгэж буй үйлдэл хэрээс хэтэрлээ. Тиймээс МҮЭХ-ны жирийн гишүүд болон олон нийтийг буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна” гэж өнөөдөр мэдэгдсэн байх юм.
Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллага маш том хүч. Энэхүү хүч нь хэн нэгний эрх ашгийн золиос байж болохгүй. Харин эмч, багш нарын эрхийг хамгаалдаг. Хөдөлмөрийн хууль зөрчигчтэй тэмцэж, ажиллах хүчний эрх ашгийн төлөө дуугардаг том цуурай байх ёстой. Гэтэл энэхүү хүчийг өөр зорилгод ашиглах сонирхолтой бүлэг байгаа нь өнөөдрийн ярианы гол сэдэв болсон гэж харагдахаар байна.
11 сарын 8-9-ны хооронд МҮЭХ-ны ээлжит их хурал болно. Энэхүү хурлыг угтсан улс төрийн тоглолт л өрнөөд эхэлсэн гэдэг нь дээрх тайлбар, өрнөж байгаа үйл явдлаас бэлхэн харагдаж эхэллээ. Хэрэв үнэхээр л МҮЭХ-ны удирдлага хөрөнгө завшиж, газар зарчихсан бол өнөөдөр тус байгууллагын мянга мянган гишүүн дуугүй хараад суух хүмүүс мөн үү? Тэмцэж, жагсч, эсэргүүцэл үзүүлдэг энэ байгууллагын эгэл жирийн гишүүд бүгд тэмцэгч, Тэд амаа үдүүлж, гараа хүлүүлсэн мэт хүлцэнгүй байх хэсэг огт биш. Харин ч удирдлага нь асуудал дагуулсан шийдвэр гаргаж, ажилчин ангийн эрх ашгийн төлөө яваагүй гэдгийг мэдэх юм бол арчиж хаяад, араас нь тэмцээд эхлэх нь дамжиггүй. Харин тийм биш учраас л улираан сонгож, нэгийг нь төрийн түшээ болтол дэмжиж байгаа нь ойлгомжтой.
Улс төрийн хар технологи гэгч зүйл Монголд маш хүчтэй өрнөх боллоо. Хэн нэгнийг гутаадаг, нэр хүндийг нь унагаадаг, идсэн уусан нэр зүүлгэдэг, Нийгэм бүхэлдээ түүнийг үзэн ядах хэмжээнд харлуулдаг. Энэхүү ажиллагаанд хууль, хүчний байгууллагыг хүртэл ашиглах боллоо. Гэтэл яг үнэндээ тэр эрхэм нь гэм зэмгүй байх нь элбэг. Ийм бусармаг үйлдэл олон хүн дээр өрнөж, олон хүн хохирч, харин цөөн улс төрч хожсон байдаг.
Яг ийм увиагүй алхам өнөөдөр МҮЭХ-ны удирдлагыг чиглэсэн бололтой. Улс төрч зорилгодоо хүрэхийн тулд тус байгууллагыг харлуулна. Нийгэм үзэн ядтал нь зүхүүлэхийг хүсч байна. Тийм ч учраас олон нийт анхаарч сонсохгүй байхад л асуудлыг дахин дахин явуулж байгаа нь улс төрийн зорилготойг нь гэрчлээд өгч байна.
“Үйлдвэрчний эвлэлийн байгууллага бол улс төрийн намуудаас тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Тусгай чиг үүрэг бүхий олон нийтийн байгууллага. Энэ байгууллагын нэр хүнд, нөөц бололцоог ашиглаж улс төрийн нам цаашдын зорилгоо биелүүлэх үүднээс Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг үзэл санааны хэрэгсэл болгон ашиглахаар зорьж буй үнэхээр харамсалтай зүйл юм.