Нийслэлийн Монгол Ардын намын хороо буюу Ц.Сандуйгийн гавьяа
2012 онд нам нь ялагдаж, тоох эзэн, тойглох ноён үгүй болсон байгууллагын нэг нь МАН-ын гол тулгуур болох Нийслэлийн МАН-ын хороо байлаа. Уг хорооны нөмөр нөөлөгт багтдаг, тус хорооны үр шимийг шимж, сорж амьдардаг байсан улс төрч бүр хаалгыг нь гаднаас нь хааж, хаашаа ч хамаагүй зугтаж байсан цаг.
Нийслэлд ялалт байгуулсан Э.Бат-Үүлийн баг Нийслэлийн МАН-ын хорооны байрыг төрд буцаан авч, гудамжинд хүртэл гаргаж байв. Ийм зэвүүн цагт нохой ч шиншлэхгүй хэмээн улс төрчид ам уралдан бурж суухад Ц.Сандуй гэдэг эрхэм Нийслэлийн МАН-ын хорооны даргын хатуу бөгөөд бэрх суудлыг хүлээн авсан гэдгийг өнөөдөр тус намынхан мартаагүй гэдэгт найдаж байна. Мартсан нэг хэсэг байгаа л байх. Гэхдээ тэдэнтэй маргах нь илүүц. Харин Ц.Сандуй 2012 онд өөрийн байргүй, гишүүд нь нам дээрээ үзэгдэхгүй, дэмжигчид нь тоохгүй байсан намын хороогоо хэрхэн удирдаж, ямар ажлыг амжуулж, яаж үр дүнд хүрэв.
Улаанбаатар хот 152 хороотой. Мэдээж хэрэг хороо бүрт Нийслэлийн МАН-ын үүр ажиллана. Нэг үгээр хэлбэл анхан шатны намын байгууллага тэнд л бойжиж байгаа гэсэн үг. Улс төрийн намын хамгийн том алдаа бол анхан шатны үүрийнхээ гишүүдийн санал бодлыг огт сонсдоггүй явдал. Харин 2012 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга болсон Ц.Сандуй 2 жилийн хугацаанд өдөр бүр намынхаа анхан шатны байгууллага дээр ажиллаж, гишүүд дэмжигч нартайгаа уулзаж, санал бодлыг нь сонсч явсан.
Ц.Сандуйгийн хамгийн том ажил бол яах аргагүй анхан шатны үүрийнхээ ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, гишүүд дэмжигч нараа бүртгэж, тэдгээрийн санал бодлыг сонссон явдал. Үүний хүчинд Нийслэлийн МАН-ын хороо эзэнтэй, алс хэтийн төлөвлөгөөтэй, намын зорилт нь тодорхой болж ирсэн гэхэд болно.
Үүнийг илтгэх намын байгууллагын үзүүлэлт нь өнгөрсөн 2012-2017 оны хооронд Нийслэлийн МАН-ын хороог МАН-ын шат шатны байгууллага өндөрөөр үнэлж, намынхаа олон шагнал урамшууллыг өгч байсан гэдэг.
Намын анхан шатны байгууллага нь хүчтэй байж чадвал, нам нь хүчтэй байдаг. Ийм л логикийг намынхаа бодлого болгон Ц.Сандуй баримталсан учраас өнөөдөр Нийслэлийн МАН-ын хороо булаалдах албан тушаалтай, хэрэлдэх, хэмлэлдэх ажилтай байгаа юм.
Ялагдашгүй хэмээх Э.Бат-Үүлийг буулгаж авсан гавьяа Ц.Сандуй ба түүний багийнх
Э.Бат-Үүлийн баг 2012-2016 онд Улаанбаатар хотыг удирдахдаа маш сайн ажиллаж чадсан. Үүнтэй Нийслэлчүүд өнөөдөр ч санал нэгдэнэ. Харин тэр багийг ялах зэвсэг нь Нийслэлийн МАН-ын хороонд юу байв. Өнөөдөр олон хүн Нийслэлийн МАН-ын хороо Э.Бат-Үүлийн багийг ялсан нь шууд Ц.Сандуй гэдэг хүний ажлын арга барил, хэрэгжүүлсэн бодлого, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, алсын хараатай нь холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүрчээ.
2016 оны сонгуульд Улаанбаатарт МАН-ыг хэн ч ялна гэж тооцоогүй байсан. Харин ялалт байгуулах итгэл, бас тэмүүлэл Ц.Сандуйгийн толгойлсон багт л байсан гэдэгт итгэж байна. Тийм ч учраас өнөөдөр энэ багт зүтгэсэн нь зүхэгдэж, алсаас харж зогссон хэсэг нь албан тушаалын өрөм бүрийг нь булаацалдаж байна.
Ц.Сандуй гэдэг хүн албан тушаалд сунаж гүйдэггүй гэдгээ баталчихлаа. Тэр зүтгэж байгуулсан ялалтынхаа үр шимийг хүртэж НИТХ-ын дарга ч бус Нийслэлийн засаг дарга болохоор байв. Учир нь ялсан намын дарга нь уг албан тушаалд очдог бичигдээгүй дүрэм гэгч байгаа. Харин эвийг эрхэмлэж, эвдрэлцлийг хойшлуулах үүднээс Ц.Сандуй гэдэг хүн Нийслэлийн засаг даргын суудлыг Улаанбаатар хотын иргэдийн ганц ч хүний санал аваагүй С.Батболд гэдэг хүнд найр тавьж өгсөн. Энэ нь намынхаа бодлогыг хүндэтгэсэн алхам хэмээн 2016 оны сонгуулийн дараа ярьж байсан гэдэг.
2017 онд Ц.Сандуй бас л эв нэгдлийг эрхэмлэж албан тушаалаа өөрийн хүсэлтээр сайн дураараа хүлээлгэн өгөв. НИТХ-ын даргын суудалтайгаа Ц.Сандуй зууралдаад байвал байж болно. Тэр хүсэх юм бол уг албан тушаалдаа үлдэх боломж хангалттай байсан. Харин Ц.Сандуй огт тэгэхийг хүссэнгүй. Намын эв нэгдэл, Нийслэлчүүдийн эрх ашиг нэн тэргүүнд учраас НИТХ-ын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, дараагийн хүнд тамгаа шилжүүлсэн билээ. Тэгсэн ч тэр нэг ч гомдлын үг хэлэлгүй ажлаа чимээгүй өгөөд л албан өрөөний хаалгаа зөөлөн хаагаад гарч явав.
2017 оны 10 сарын 25. Ц.Сандуй гэдэг хүн бас л нэг албан тушаалаа чимээгүй өгчихжээ. 2012 онд толгойтой бүхэн тойрч гүйгээд байсан Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлыг нь өнөөдөр сонирхох улс төрч олон байв. Харин Ц.Сандуй л уг суудлаас сайн дураараа татгалзаж, бусдын гарт зүгээр л хадаг бариад бэлэглэж сууна.
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хурал болж Ц.Сандуй ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний хувьд намынхаа эв нэгдэл, алс хэтийн зорилгыг нэгдүгээр тавьж байгаа учраас Нийслэлийн МАН-ын даргын суудлаас сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын удирдах зөвлөлд гаргаад байсан юм. Удирдах зөвлөл нь түүний хүсэлтийг хүлээн авч, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдэд шилжүүлсэн. Харин уг асуудлыг тус байгууллага хэлэлцээд ийнхүү шийдвэрлэв.
Албан тушаалтайгаа амь тавин зууралддаг хүн олширч байхад өгөөд гардаг нь бас байдаг л юм байна. Үүний нэг нь яах аргагүй Ц.Сандуй. Түүний хувьд хэцүү цагт нь албан тушаал авчхаад хөнгөн цагт нь албан тушаалаасаа татгалзах зангарагтай улс төрч гэдгээ энэ удаа дахин харууллаа. Зүтгэсэн нь зүхэгдэж болохгүй ээ. Ц.Сандуй өнгөрсөн он жилүүдэд Нийслэлийн МАН-ын хороог байгууллага шиг байгууллага, нам шиг нам болгохын тулд зүтгэсэн. Харин өнөөдөр тэр намынхандаа зүхэгдэх биш хүндлэгдэх нэгэн гэдгээ дахин нотолж, өөрийн босгосон намынхаа тамгыг өрөөлд зүгээр л хадаг дэвсэж байгаад бариад өгчхөж чадаж байна. Ийм улс төрч Монголд олон байх болтугай.