Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын хэн хэнийгээ буруутгасан мэдэгдэл гараад хэд хоночихов. Тэдний ярьсан яриа, хэлсэн үг бүрт анхаарал хандуулж арга хэмжээ авсан зүйл одоогоор алга.
Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг үүрэг гүйцэтгэгч гэж тунхаглаад эхлэв. Нэг үгээр хэлбэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг өөрчлөх нь хэдхэн өдрийн хугацаанд шийдэгдэх дүр зургийг тодруулж өглөө.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд өөрийнх нь хүч, нөлөө улс төрд том шүү гэдгийг харуулж ганцхан цагийн дотор Цагдаагийн Ерөнхий газрын даргын чөлөөлнө гэж мэдэгдээд ажил хэрэг болгов. Ц.Нямдоржийн хувьд өөрийнх нь үгэнд орох, дуулгавартай цагдаагийн дарга хэрэгтэй байлаа. Тэр ч түүнийгээ олов бололтой.
Ц.Нямдорж нь тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг шууд дур мэдэн өөрчлөх чадал үгүй. Иймээс түүний хувьд Ерөнхий сайдад хүчтэй нөлөө үзүүлж, уг ажлыг хийнэ. Хийгээд ч эхэлчихсэн. Тагнуулын Ерөнхий газрын дарга болохоор 3-4 хүний нэр яригдаж байна. Энэ 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар уг асуудал шийдэгдэх бололтой.
Өрнөж байгаа үйл явдал, хэлж, ярьсан үг өгүүлбэр бүрээс нь харахад Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар аль аль нь бизнесийн бүлэглэлийг хамгаалж байгаа юм байна гэх ойлголтыг нийгэмд төрүүлэх болов.
Тухайлбал: Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц нь мэдэгдэхдээ: Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Эрдэнэт үйлдвэрт шахаа хийдэг бүлэглэлийн хүн гэх утгатай тайлбар өгсөн.
Харин Ц.Нямдоржийн хувьд: Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авах гэж зүтгэж байгаа талын хүн. Тэр бөхөхийнхөө өмнө дүрэлзэж байгаа нь энэ гэх утгатай үгийг хэлсэн билээ.
Улс төрч, тагнуулын тусгай үүрэг бүхий байгууллагын дарга нар нь бизнес бүлэглэлийн гар хөл болчхоор энэ Монголд яг үнэндээ хэн, олон нийтийн эрх ашгийг хамгаалах вэ?
Ард түмний төлөө гэж шүлсээ үсчүүлэх боловч, бүгд цаанаа эрх ашигт хүлэгдэж, тэр эрх ашгаа хамгаалахын тулд төрийн сайдын суудал, төрийн том албан тушаалыг ашиглах нь зүйд үл нийцнэ. Тагнуулын байгууллагын дарга нь Улс орны эрх ашигт маш сөргөөр нөлөөлөх хэмжээний асуудлыг л олон нийтийн өмнө гарч огцом мэдэгдэл хийдэг. Түүнээс нэг сайдад дургүйцэхдээ мэдэгдэл хийдэг жишиг дэлхийн аль ч улс оронд байхгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Харин Монголд ноён юу гэж хэлнэ, нохой тэгж хуцна гэгчээр албан тушаалтай хүн бүр ард байгаа эзнийхээ захиалгаар асуудлыг дэвэргэх, өөр зүгт чиглүүлэх, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх гэж оролдог болчихжээ.
Төрийн албан тушаалын эрэмбэ, түүнийгээ хаана хэрхэн ашиглах тухай ойлголт яг үнэндээ алга болчихсон гэдгийг жишээ нь Ц.Нямдорж, Б.Хурц нарын нэг нэгнийхээ но-г илчилсэн яриа байлаа.