Монгол улсад гадны банкууд үйл ажиллагаа явуулах тухай асуудал олон хүний анхаарал татаж байгаа сэдвийн нэг билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсад салбараа нээгээд, үйл ажиллагаагаа явуулах хүсэлтээ гадны дөрвөн банк илэрхийлээд байгаа. Судалгаа тооцоогоо сайн хийж байгаад шийдвэрээ гаргана гэдгээ өнгөрсөн 8-р сард илэрхийлж байсан. Эдийн засгийн нөхцөл байдал ч гадны банкиудыг дэмжихэд нөлөөлж магадгүй байсан нь биеллээ олж байна.Засгийн газрын уржигдрын хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбарыг Монгол Улсад нээх, үйл ажиллагааных нь чиглэл, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан байна.Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдол бүхий үр өгөөжтэй томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, барьцаалах, батлан даах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулна. Гадаадын хөрөнгө оруулалттай банк нь хадгаламж татахгүй, иргэдийн банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй, зах зээл дээрх өрсөлдөөнийг хязгаарлах болон давамгай байдал үүсгэхийг хориглохоор төсөлд тусгасан байна.Энэ нь бизнес эрхлэгчдийн хүсэл захиалга байсан гэж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэллээ. Түүний хэлж байгаагаар бол гадны банк Монголд зээл олгох эрхийг өвөртлөх нь бараг л тодорхой. Харин ямар улсын банк вэ гэдэг эцэслэгдээгүй гэх утгатай ярьж явна. Тэгвэл УИХ-ын гишүүд ч мөн гадны банкийг Монголд үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэхгүй гэж байр сууриа илэрхийлэх болллоо. Тэгэхээр шийдвэр гаргах түвшиндөө бол гадны банк орж ирэх нь бараг л тодорхой болж ирлээ гэхэд болно. Гагцхүү ямар банкыг оруулж ирэх, яаж шалгуур тавих зэргээ л нарийвчлан тохрч байх шиг ээ. Мөн гишүүд Монголын томоохон банкууд мөн л гадны хөрөнгө оруулалттай байдаг.Тиймээс шинэ өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар Хятадын “Bank of China”, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк, “Standart Chartered”, ING, Японы “Токио Мицубиши” болон “Сумитомо Мицуй” банкны төлөөлөгчийн газар ажиллаж буй. Эдгээр банкууд албан ёсоор байгуулагдаагүй хэдий ч зээл зуучилдаг байсан гэж болно. Европын Сэргээн босголтын банк гэхэд 2010- 2016 оны хооронд Төлөөлөгчийн газраараа дамжуулан Монголд нийт 83 төсөл болон компаниудад 1.4 тэрбум еврогийн буюу 3.8 их наяд төгрөгийн зээл санхүүжилт, хөрөнгө оруулалт хийсэн байна.Тэгвэл “Bank of china” 2013 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа нээсэн. Тус банк өнгөрсөн хугацаанд 40 орчим аж ахуй нэгжээс гурван тэрбум ам.долларын зээлийн хүсэлт хүлээн авсан гэсэн мэдээ байгаа юм.