Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг хийсэн мэдэгдэлтэй нь холбогдуулан ажлаас нь чөлөөлөхөөр болсон гэх мэдээлэл гараад байна. Өнгөрсөн 7 хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн ч шинээр томилох даргыг эцэслээгүй учраас хойшлуулсан байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Тагнуулын Ерөнхий газрын даргаар хэд хэдэн хүний нэрийг гартаа барьчихаад эцсийн шийдвэрээ хэрхэн гаргахаа мэдэхгүй суугаа сурагтай. Түүнд хамгийн хүчтэй нөлөө үзүүлж, зөвлөгөө өгч байгаа хүн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэнэ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Тагнуулын Ерөнхий газрын даргаар эхлээд 3 хүний нэрийг сонгоод байжээ. Тухайлбал Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга асан А.Дулаанжаргал, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Р.Болд, мөн Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар 2016 оноос эхлэн ажиллаж байгаа Б.Энхсүх нарын нэр яригдаж байсан. Эцсийн мөчид эдгээр хүмүүсийн нэр зөвхөн яригдаад өнгөрчээ.
Тагнуулын Ерөнхий газрын даргаар Батлан хамгаалах яаманд удирдах албан тушаал хашиж байсан н.Сайнбаяр гэх хүний нэр хүчтэй дуулдаж эхэллээ. Түүний хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ойр танил, цэргийн талын холбоотой нэгэн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн дэмжлэгийг хүлээдэг нэгэн гэнэ. Түүний нэрийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн талаар ч дуулдаж байна. н.Сайнбаяр нь Артилерийн талын Монголын мэргэшсэн мэргэжилтэн гэх мэдээлэл байгаа юм. Хэрэв Авлигатай тэмцэх газраас түүнийг Тагнуулын Ерөнхий газрын даргаар сонгогдоход татгалзах зүйлгүй гэх юм бол энэ 7 хоногийн дундуур Засгийн газрын хуралдаанаар томилох бололтой.