З.Энхболд: Ч.Хүрэлбаатарын ах дүү нар уул уурхайн лиценз зарах нь зөв үү?

З.Энхболд: Ч.Хүрэлбаатарын ах дүү нар уул уурхайн лиценз зарах нь зөв үү?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг дэмжсэн УИХ-ын тогтоолын төсөлд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан билээ. Ерөнхийлөгчийн энэ хоригийн ард Тамгын газрын дарга З.Энхболд нь байгаа хэмээн Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар өөрийн цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдээд байгаа билээ. 

Ерөнхийлөгчийн хоригт байгаа нэгэн өгүүлбэр нь Монголын баялгийг эзэмшигч 30 гэр бүл гэх анхаарал татсан явдал юм. Уг 30 гэр бүлийн нэг нь  Сангийн сайд Ч.Хүрэлбаатарынх уу гэсэн асуултыг ч олон нийт тавьж эхлээд байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшихэд л өөрийн цахим хуудсаар дамжуулан эсэргүүцлээ илэрхийлж байсан билээ. Түүний хувьд уул уурхайн бизнест эрх ашгийн зөрчилтэй хүн Сангийн сайд болж болохгүй хэмээн жиргэж байлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга нь Засгийн газрын гишүүдийн нэртэй танилцаад 15 сайдын 14-ыг дэмжиж, харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай зөвшилцөхгүй, дэмжихгүй гэж мэдэгдэж байсан билээ. 

Харин өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нь өөрийн цахим хуудсандаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой дахин мэдээлэл байршууллаа. З.Энхболд нь:  "Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг Солонгосын компанид 2 сая доллараар заржээ" хэмээн гэрээний хуулбарыг цахим сүлжээндээ оруулаад байна. 

Мөн энэ тухайгаа "Монгол улсын үндсэн хуулийн 6.1-д заасан ард түмний мэдэлд байх нийтийн өмчийг лиценз нэрээр авсан сангийн сайдын хамаатнууд зарж л байг уу? Төрийн өмчийн нэг муу амбаарыг хүртэл дуудлагын худалдаагаар зарж мөнгийг нь улсын төсөвт оруулдаг биз дээ. Ийм хүмүүсийг ядаж битгий сайд болооч гэж Ерөнхийлөгч хориг тавьсан, энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн 65-аас хэд нь өөрсдийн бүтээгээгүй ард түмний өмч байгалийн баялгийг үнэгүй хувьчилж авсан 30-н гэр бүлийн талд кнопдохийг харах л үлдлээ" хэмээн бичсэн байна.

 

 
 
 

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар өнгөрсөн 7 хоногт хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлэг завсарлага аваад байгаа юм. Ерөнхийлөгчийн хориг нь хууль эрх зүйн хүрээнд бүрэн хийгдээгүй. Сонингийн нийтлэл мэтээр таамаг дэвшүүлсэн төдий зүйл байна хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. 

Харин сөрөг хүчин болох АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийн хориг бол хууль ёсны, бүрэн эрхийнх нь хүрээнд тавигдсан. Уг хоригийг яаралтай хэлэлцэх шаардлага байхгүй. Хуулийнхаа хүрээнд 14 хоногт багтаан хэлэлцэх ёстой гэсэн зарчмын санал гаргаад байгаа юм.