2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэг барихаар төлөвлөж, төсөвт зардал суулгана

2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэг барихаар төлөвлөж, төсөвт зардал суулгана

2018 оны Төсвийг Засгийн газраас 2018 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг Улсын Их Хуралд өргөн бариад байна. Энэхүү төслийн хүрээнд анхаарал татаж байгаа нэг хөрөнгө оруулалт нь сургууль, цэцэрлэгт зарцуулах мөнгөн дүн юм.

Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй. Зөвхөн Нийслэл хотод л гэхэд 25 хороо огт сургууль байхгүй. 29 хороо огт цэцэрлэггүй. Эдгээр хорооны хүүхэд багачууд сургуульд сурахын тулд дор хаяж 3 буудал газар автобусаар зорчиж сургуульд очиж байна.

Харин цэцэрлэггүй хорооны бага насны хүүхдүүд цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөж байгаа гэхэд болно. Энэ бүхнийг яаралтай шийдэх хэрэгтэй. Гэвч эдийн засаг хүндрэлтэй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлуулсаар ирсэн.

Харин Засгийн газраас шийдвэртэй алхам болгож 2018 оны төсөвт 59 сургуулийг улсын хэмжээнд барихаар шийджээ. Төсвийг нь 2018 оны төсөвт суулгаж, сургууль барих ажлыг хавар эрт эхлүүлэхээр төлөвлөж ажиллаж байгаа гэнэ.

Мөн 90 цэцэрлэгийг улсын хэмжээнд барих юм. Үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг Улсын төсөвт суулгаж өгнө. 2018 оны төсвийн төсөлд гялтайж байгаа гол хөрөнгө оруулалт нь энэ болж өгөх бололтой.

 Дашрамд сонирхуулахад 2018 оны улсын нэгдсэн төсөв нь 7,2 их наяд төгрөгийн орлоготой, 9,6 их наяд төгрөгийн зарлагатай. Төсвийн алдагдал нь 2,4 их наяд төгрөг байхаар Засгийн газраас боловсруулжээ. Бас л алдагдал нь их төсөв болох нь ээ.