Эрх баригч МАН-ын Их хурал 2017 оны 11 сарын сарын 20-21-ний өдрүүдэд болно. Энэхүү их хурлаар М.Энхболд намын даргын албан тушаалаа өгнө. Түүний хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцсон гэдэг утгаараа хариуцлага хүлээж МАН-ын даргын суудлаас татгалзахаа аль эрт мэдэгдчихсэн. М.Энхболд МАН-ын даргын суудлаас буух сургаар тус албан тушаалд очих тэмцэл ил бас далд хэлбэрээр МАН-ын гишүүдийн дунд хүчтэй өрнөж байгаа билээ.
МАН-ын дарга хэн болох вэ гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаж буй гол сэдэв билээ. Мэдээж хэрэг МАН-ын дарга болох хүсэлтэй хүний тэргүүн эгнээнд У.Хүрэлсүх явж байгаа. Түүний хувьд Ерөнхий сайд болсон учраас намын дарга болох сонирхол маш их байгаа. Тэгж чадсан нөхцөлд Ерөнхий сайдын суудлаа хадгалж үлдэхийн зэрэгцээ 33-ын бүлгийн гишүүдийнхээ итгэлийг дааж чадна. Эс бөгөөд түүнд эрсдэл ирэх магадлалтай.
Дараагийн намын дарга болох магадлалтай хүн нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат. Гэхдээ түүний хувьд уг албан тушаал дээр очих сонирхол нь буурсан гэх мэдээлэл байна. 32-ын бүлгийг толгойлж байгаа түүний хувьд дундаасаа өөр нэр цэвэр нэгнийг зүтгүүлэх сонирхолтой байгаа. Энэ удаад өөрөө унасан учраас уйлахгүй. Харин 32-ын бүлгээ зангидаж, намын даргад дундаасаа хүн сойх хувилбар дээр явж байна.
Дээрх хоёр хүчтэй өрсөлдөгч дээр нэмэгдэж намын даргын өрсөлдөөнд залуучуудын төлөөлөл орж ирэхээр болжээ. МАН-ын хэсэг залуус нэгдэж намын их хуралдаа өөрсдийн төлөөллийг намын дарга болгохоор ажиллаж эхэлсэн байна. Тухайлбал МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх Н.Дэмбэрэл намын даргад өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж эхэлсэн тухай яриа Тусгаар тогтнолын ордноор цуурайтаж эхэллээ.
Н.Дэмбэрэл нь МАН-ын хэвлэл мэдээллийг олон жил хариуцаж байсан. Мөн улс төрийн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм. Үүгээр нь тооцож үзэх юм бол түүнд МАН-ын даргын төлөө өрсөлдөхөд хэвлэл мэдээллийн дэмжлэг өндөр. Нөгөө талдаа том пиарчид түүнийг дэмжих магадлалтай. Хамгийн гол нь МАН-ын залуу боловсон хүчнүүд, мөнгөтэй эрхмүүд түүний талд зогсож байгаа гэнэ.
Босоо удирдлагатай, удирдлагаас гарсан шийдвэрээсээ хэзээ ч хазайж байгаагүй, хөшигний ард дохиураар намын даргаа сонгочихдог МАН-ынхны дунд энэ удаад гал гаргасан өрсөлдөөн болж магадгүй байна.
Учир нь энэ удаа намын даргад залуучууд нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөөр болж байгаа нь тус нам шинэчлэгдэж магадгүй гэсэн горьдлого төрүүлж буй. Ямар ч байсан МАН-ын даргын төлөө У.Хүрэлсүхийн өрсөлдөгчийн тоо нэмэгдсээр байна.