2016 оны Сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их хурал ажлаа хийж чадахгүй байна. Ийм нөхцөлд энэ их хурал сайн дураараа тарах нь хамгийн зөв шийдэл бололтой. Үүнтэй ч олон хүн санал нэгдэх болжээ. Улсын Их хурлын ажлаа хийж чадахгүй байгаа хамгийн том шалтгаан бол мэдээж хэрэг эрх баригч МАН-ын 65 бүлгийн гишүүдийн ашиг сонирхол, албан тушаалын төлөөх тэмүүлэл юм.
Эрх баригч МАН-ын зовлон нь 65 гишүүнтэй болсон явдал. 65 хүний эрх ашгийг хамгаална. Тэдэнд тааруулж, төрийн албан тушаалыг хуваах, тэдэнд тааруулж ажлаа явуулна гэдэг Засгийн газрын бүтэшгүй даалгавар болон хувирчээ. Иймээс л 65-ын бүлэг хоёр хуваагдаж өнөөдөр У.Хүрэлсүхийн магнайлж байгаа 33 гишүүнтэй бүлэг. Ж.Эрдэнэбатын толгойлж байгаа 32-ын бүлэг болон хуваагдаад байна. Эдгээр эрхэмүүд хоорондоо зөвшилцөж, зөвлөлдөж байж шийдвэр гардаг боллоо.
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг нэг намын 2 бүлэг зөвшилцөж байгуулсан. Гэтэл одоо дахиад Засгийн газрын сайдаа хамгаалж үлдэхийн тулд дээрх хоёр бүлэг зөвшилцөж эхлээд байна. Мэдээж хэрэг дундуур нь сөрөг хүчин тоглолтоо өрнүүлнэ. Гэхдээ сөрөг хүчний тоглолт тийм ч нөлөөтэй байж чадахгүй байгаа. Харин Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавьсан нь эрх баригч намын хоёр бүлгийг дахин зөвшилцөх шалтгаан болчхов.
Өчигдрөөс эхлэн 32-ын бүлэг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын өрөөнд хуралдах болов. Харин 33-ын бүлэг У.Хүрэлсүхийн өрөөнд цугларч зөвлөлдөж эхэлжээ. Эндээс харахад УИХ дахь МАН-ын бүлэг нэг талдаа гарч, 65 гишүүн нэг зүгт харж чадахгүй бололтой.
Иймээс л хоёрын хооронд, гурвын дунд ингэж байхаар УИХ-ын тараачих нь МАН-ын нэрд цэвэр гэж улс төрийн хүрээнийхэн ам уралдан яриад эхэллээ. Үнэхээр л чадлаараа УИХ-ын гишүүн болсон өнөөдөр ч сонгууль болсон ялж чадна. Эс бөгөөс АН-ын лидерийн нэг Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн бор халзан хонь ч байсан гарч ирэхээр сонгууль боллоо гэдэг шиг зүйл болж болох юм. Тийм бол МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон бор халзан хонь гэгдээд байгаа нөхөд гудамжинд үлдэж, төрд нүүрэлчихээд байгаа намын хэрүүл цааш нь шидэгдэх учиртай.