Ерөнхийлөгч Х.Баттулга эв нэгдлийг эрхэмлэж, төрийн ажлыг урагшлуулахын төлөө явна гэж мэдэгдэж байсан. Харин сүүлийн өдрүүдэд гаргаж байгаа түүний шийдвэр нь Төрийн ажлыг урагшлуулах бус, түмний дургүйцлийг төрүүлэх хэмжээнд очив.
Улс төрийн хүрээний зарим ажиглагч нарын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгын бодлого явахгүй байна. Харин түүний тамгын газрын дарга З.Энхболдын хүсэл, сонирхол, бас шийдвэрээр Ерөнхийлөгчийн бодлого яваад байна гэх хардлагыг бий болгож эхэлжээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга нь бүрэн эрхийнхээ хүрээнд, үндсэн хуульд заасан хуулийн заалтын дагуу л үйл ажиллагаагаа явуулж байгаа. Түүний гаргаж байгаа шийдвэр бүр нь зөвхөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээний асуудал. Хэн нэгэн түүний өмнөөс шийдвэр гаргахгүй. Хэн нэгэн түүний өмнөөс албан бичиг үйлдэхгүй гэсэн тайлбарыг өгч байгаа юм.
Харин олон нийтийн зүгээс Ерөнийлөгчийн тамгын газраас гарч байгаа албан бичгийн үг хэл, найруулга, өгүүлбэр зэргийг хараад шүүмжлэх байдал нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг шууд Ерөнхийлөгч Х.Баттулгатай нааж бодохоос илүүтэй, түүний тамгын газрын дарга З.Энхболдтой холбон тайлбарлах хандлага ажиглагдаж байна.
Тухайлбал Засгийн газрын сайд нарыг томилсон УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавив. Үүний өмнө Ерөнхийлөгч Засгийн газрын сайд нарын нэрийг уншиж, зөвшилцөхдөө ганц л хүнийг үл зөвшөөрөв. Хориг ч ялгаагүй. Тэр л хүнийг чиглэсэн байгаа. Харин энэ бүхэн нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын үг, үйлдэлтэй давхцах болсон.
Хэдийгээр З.Энхболд гэдэг хувь хүн өөрийн цахим сүлжээнд санал бодлоо илэрхийлж байгаа ч түүнийг З.Энхболд гэдэг хувь хүн гэж огт харахгүй. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга. Цаашилбал шууд Ерөнхийлөгчийн байр суурь гэж харна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн ретинг өндөртэй нэр хүндийг энэ эрхэм доош нь чангаачих юм биш биз. Түүний тамгын газрын дарга гэх ажил нь Ерөнхийлөгчийг баллах юм биш биз. Ийм нөхцөлд Ерөнхийлөгч Х.Баттулга та тамгын газрын даргаасаа эртхэн салж, салаа замаар өөр тийш алхвал яасан юм вэ?
Ерөнхийлөгч Х.Баттулгад олон нийт итгэж байна. Түүнийг төр, түмэн олны төлөө томоохон шийдвэр гаргана гэсэн хүлээлт яах аргагүй байна. Харин түүний багийнханд түмэн олны итгэл дундуурхан. Тэр дундуур итгэлийг тасдах эрсдэлтэй алхам гаргах улс төрч нь яах аргагүй түүний тамгын газрын дарга гэж зарим хүмүүс хардаж байгаагаа нийгмийн сүлжээнд таамаг болгон бичих болжээ. Ийм нөхцөлд иргэдийн итгэлийг алдахгүйн тулд эртхэн шийдвэр гаргах нь Ерөнхийлөгчийн цаашдын зам мөрд тустай болов уу?