Ц.Нямдорж сайд өөрийнхөө халсан ЦЕГ-ын дарга асан Ө.Энхтөрийг албан тушаалаар шагнав
хууль зүй, дотоод хэргийн сайд өнгөрсөн 7 хоногт ганцхан цагийн дотор Цагдаагийн Ерөнхий газрын даргыг солих болно гэж мэдэгдэж байлаа. Тэр хэлсэндээ хүрч Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ө.Энхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан билээ.
Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ө.Энхтөрийн ажлаас нь чөлөөлсөн дороо түүний оронд Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Баатаржавын Цагдаагийн Ерөнхий газрын даргаар томилж байлаа. Нэг үгээр хэлбэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ө.Энхтөрийг ажилдаа тохирохгүй, чадвар сул гэх үндэслэлээр халсан болж харагдаж байлаа.
Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 7 хоногийн дараа гудамжинд хөөгөөд гаргасан Ө.Энхтөрийг албан тушаалаар шагнав. Цагдаагийн Ерөнхий газрын даргаас чөлөөлөгдсөн Ө.Энхтөр нь 7 ч хоног гэртээ суусангүй. Түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилсон байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэг ажилд тэнцэхгүй гэж ажлаас нь чөлөөлсөн хэрнээ нөгөө ажилд тэнцэнэ гэж томилж байгаа нь ямар учиртай юм бол. Нөгөө эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг ухаан гэгч нь үү? Эсвэл Ө.Энхтөрийг шууд ажлаас нь хусчхаад гудамжинд лааз хөшиглүүлэхээр өөрт нь тусгүй байсан гэсэн үг үү?
Аль нь ч байсан өнөөдөр нэг л зүйл тодорхой боллоо. Цагдаад ч тэр, тагнуулд ч тэр дарга байсан нөхөр заавал буцаад дарга болох ёстой юм байна. Үүний цаана бүх томилгоо тохиролцоо, зөвшилцөл гэдэг сайхан үгээр халхавч хийж, хэн хэнийгээ хамгаалсан. Хэн хэндээ тал алдахгүй саамширсан томилгоо болж хувирч байгааг л бэлхэн харж болохоор байна.