Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Катар улсын Элчин сайд Султан Аль-Мансуритай уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Катар улсын Элчин сайд Султан Аль-Мансуритай уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Катар улсын Элчин сайд Султан Аль-Мансуритай уулзаж, хөдөө аж ахуйн салбарт 2 орны хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.  Монгол Улс Катар Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа. Манай Улс мал, мах экспортлох асар их нөөц бололцоотой орон. Монгол Улс жилд дунджаар 160 гаруй мянган тонн мах экспортлох боломжтой гэсэн тооцоолол байдаг.  

           ХХААХҮ-ийн салбар ДНБ-ний 40 гаруй хувь, ажиллах хүчний 64 хувийг хангадаг. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18,8 хувийг хөдөө аж ахуйн салбар үйлдвэрлэж үүний 84,9 хувь нь мал аж ахуйн салбарт ноогдож байгаагаас гадна манай орны нийт ажиллах хүчний 36 хувь нь ажилладаг. Хөдөө аж ахуйн салбарын ажиллагсдын 94,3 хувь буюу 170,0 мянган өрхийн 364,4 мянган хүний амьжиргаа энэхүү салбараас шууд хамааралтай байдаг.

           Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг  малыг эрүүлжүүлэх, малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах чиглэлээр нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингээн экспортод гаргах зорилгоор “Монгол мал” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ Катар улсын элчин сайдад уламжиллаа.

           Манай улсын нийт малын тоо өнгөрсөн оны байдлаар 61.5 сая толгойд хүрч, үүнээс 85 орчим хувийг бог мал эзэлж байна. Энэ хүрээнд өнгөрсөн онд бид 9.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн ОХУ, БНХАУ-руу экспортолсон юм. Катар улс нь хүсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг импортоор авдаг юм байна. Тэгэхээр эрүүл, стандартад нийцсэн Монгол малын махыг Катар улс рүү нийлүүлэх тал дээр хамтран ажиллах маш том үүд хаалга нээлттэй байгааг салбар хариуцсан сайд тодотгосон.

           Үүнээс гадна манай хөрш орнуудын зах зээлийн эрэлт нь гол төлөв бод малын мах  байдаг бөгөөд бидний хувьд нийт малын 85 орчим хувийг бог мал эзэлдэг учир хонь, ямааны мах гуравдагч орнууд-руу экспортлох нөөц бололцоо байгааг ХХААХҮ-ийн сайд онцоллоо.  Түүнчлэн манай улс Исламын Бүгд Найрамдах Иран, Вьетнам, Казакстан зэрэг улсуудад мах болон махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаа амжилттай явагдаж байгааг тодотгосон юм. 

         Монгол Улсын Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хооронд 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах санамж бичгийг цаашид үргэлжлүүлэн, туршлага солилцох мэргэжилтнүүд бэлтгэх тал дээр чиглэж ажиллана гэдгээ Б.Батзориг сайд илэрхийллээ.Хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд анхааран ажиллахаа Катар улсын Элчин сайд ноён Султан Аль-Мансури хариуд нь илэрхийлсэн юм.