Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ажиллах нөхцөлийг бүрдүүлэхгүй байхаар шийджээ. Мэдээж хэрэг үүнтэй зэрэгцээд эрх баригч МАН-ын 33 болон 32-ын бүлгийн ан цав улам нэмэгдэнэ.
Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьж, хэд хоног улс төрийн том хэрүүл болж, эрх баригч намынхан булхайгаа дэлгэсний эцэст УИХ-аар Ч.Хүрэлбаатарыг сангийн сайдаар авч үлдлээ. У.Хүрэлсүхийн хувьд өөрийн бүрдүүлсэн танхимаасаа нэгийг буцаагаад алдчихгүйн тулд их л буултыг 32-ын бүлэгт хийж, Ж.Эрдэнэбат, М.Энхболд нарын үгэнд оров.
Гэтэл ар хударгаар нь Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг амар тайван байлгахгүй нь ээ. Дөнгөж нэг хоригийг нь хэлэлцэж, Улсын Их хурлаар шийдүүлж аваад амьсгал ч авч амжаагүй байхад Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны төсвийн тодотголд хориг тавьчхав.
Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газар Ерөнхийлөгч тавьсан хоригт дөрлүүлж, 32-ын бүлэгтээ идүүлсээр ажил хийж амжилгүй намын их хуралтайгаа золгохоор болж байна. Мэдээж хэрэг сөрөг хүчний хувьд Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих болно. Ардчилсан нам улс төр хийнэ. Ардын намын 32-ын бүлэг ч бас л улс төр өрнүүлнэ. Ч.Хүрэлбаатарыг хамгаалах эсэх дээр хоёр тал болж үзэлцсэн гишүүд одоо төсвийн тодотголын зарлага, орлого дээр маргалдах нь гарцаагүй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны төсвийн тодотголын хуульд тусгагдсан зарим заалтад хориг тавьсан байна. Тодруулбал, шинэ Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж хэлбэрээр жилд 300 мянган төгрөг олгохоор болж, төсөвт холбогдох зардлыг нь суулгаад байгаа юм. Уг заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Нэг удаагийн тэтгэмжид жил бүр 55 тэрбум төгрөг төсөвлөгдөх шаардлагатай буй. Уг мөнгийг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд зарцуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх нь чухал гэсэн байр суурийг мэргэжлийн хүрээнийхэн илэрхийлээд байгаа юм.
Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их хурлаас гарсан тогтоол, хууль дээр хориг тавьж, ардын намын амлалт, ажил бүхнийг гацаах ажлаа амжилттай эхлүүлчихлээ. Харин хийгээд өгнө, алаад хаяна, ажилтай орлоготой болгоно гэж том дуугарсан хурандаа тэргүүтэй засгийн газар хуниралдаж, хулхи нь буух бололтой. У.Хүрэлсүх нар харахгүйгээр л энэ оныг үдэх нөхцөлд байдалд орлоо. Одоо 2018 оны төсвөө батлуулна. Түүнтэй зэрэгцээд 2017 оны Төсвийн тодотгол нь бас л хөндөгдөх нь байна.