Эрх баригч МАН-ын УИХ дахь 65 гишүүн 2 хуваагдчихаад байгаа. Засгийн газрыг томилох зөвшилцөл, мөн үүний дараа өрнөж байгаа улс төрийн нүүдлээс шалтгаалж 33-ын бүлэгт гомдогсод нэмэгдэх болжээ. Иймээс 32-ын бүлгийнхэн гомдогсодыг өлгийдөж, МАН-ын их хуралд Ерөнхий сайдын эсрэг ажиллуулахаар хор найруулж эхэлсэн мэдээлэл дуулдаж байна.
Тухайлбал 33-ын бүлгийн нэг болох Т.Аюурсайхан гишүүнийг МАН-ын даргын суудалд тохирох улс төрч гэх итгэл үнэмшлийг төрүүлэхээр нэг хэсэг нөхөд ажиллаж эхэлсэн байна. энэ сарын сүүлээр болох МАН-ын их хурлаар шинэ даргаа сонгох юм. Өнөөдрийн байдлаар У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой. Түүнтэй өрсөлдөхөө илэрхийлсэн хүн бол Н.Дэмбэрэл. Мөн хэдийгээр нэрээ ил зарлаагүй ч Ж.Эрдэнэбатыг зүтгэнэ гэсэн ойлголт МАН-ын зарим гишүүдийн дунд байна. Харин зарим улс төрчийн хэлж байгаагаар бол Ж.Эрдэнэбат энэ удаагийн өрсөлдөөнд оролцохгүй. Харин өөрийнхөө өмнөөс нэлээд чамбай улс төрчийг нэр дэвшүүлж өрсөлдүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Үүний зэрэгцээ 32-ын бүлгийн хувьд 33-ын бүлгийн хүчийг сарниулах ажлыг хийж эхэлсэн гэх бор шувуу саарал ордонд нисэх болжээ. Ялангуяа амбицтай, бас ширүүхэн улс төрчийг өөрсдөө нэгтгэнэ гэхээсээ илүү 33-ын бүлэг дотор нь жигүүр ургуулж, салаалуулах бодлого юм. Үүний нэг нь Т.Аюурсайхан гишүүнийг шатааж, намын даргын өрсөлдөөнд оруулах явдал гэх яриа дуулдаж байна. Хэрэв Т.Аюурсайхан МАН-ын даргын төлөө өрсөлдөх юм бол У.Хүрэлсүхэд шавар хаана. Түүний авах саналаас зулгааж дөнгөнө гэсэн тооцоог хийж байгаа бололтой.