МАН-ын ээлжит их хурал энэ сарын 21-нд болно. Уг хурлаар хэлэлцэх хамгийн гол асуудал нь тус намын шинэ дарга хэн байх вэ? Энэ өдрүүдэд тус намын анхан шатны байгууллага дээр намынхаа их хурлын төлөөлөгчийг сонгох ажил үргэлжилж байна. Тус намын хувьд хамгийн олон төлөөлөгч оролцсон их хурал болно гэж мэдэгдэж байгаа.
Анхан шатны нэгж тус бүрээс сонгогдож байгаа төлөөлөгчдийг хайрцаглах, өөрийн талын хүнийг сонгуулах тал дээр УИХ дахь МАН-ын гишүүд маш их идэвхтэй ажиллаж байгаа гэсэн мэдээлэл дуулдаж байна. Үүний цаана 2 хуваагдчихаад байгаа МАН-ын 33 болон 32-ын бүлгийн дунд намын даргын далд өрсөлдөөн явагдаж байгаа юм. Тус хоёр бүлгийн хэнийх нь төлөөлөл намынхаа их хуралд хүчтэй орж ирнэ. Түүний тал намын даргын суудлыг авна гэсэн үг.
33-ын бүлгийн хувьд У.Хүрэлсүх гэдэг хүнийг намын дарга болгох дээр санал нэгдсэн гэж болно. Гэхдээ тус бүлгийн хувьд дундаасаа гомдож, тунирхах гэсэн хэсэг бүлэг бий болсон сураг дуулдаж байна. Харин 32-ын бүлгийн хувьд илүү нягтарч, хүчээ улам бүр бэхжүүлэх тал дээр ажиллаж байгаа гэх мэдээлэл байна.
Энэ ч утгаараа 32-ын бүлгийн хувьд МАН-ын даргын өрсөлдөөнд хүч хаяж эхлээд байна. Тэдний хувьд зөвхөн Ж.Эрдэнэбат гэдэг хүнийг намын дарга болгоно гэж гүйхгүй. Харин өөр хэд хэдэн хувилбарыг ярьж эхлээд байгаа юм. Үүний нэг нь саяхан огцорсон ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Түүний хувьд 2012-2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэр утгаараа намынхаа бүх шатанд дэмжлэгтэй. Нөгөө талдаа өнгөрсөн жил гаруйн хугацаанд ЗГХЭГ-ын даргаар ажиллав. Ингэхдээ Ерөнхий сайдаасаа илүү эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа юм. Мөн 32-ын бүлгийн төлөөлөл дундаас У.Хүрэлсүхтэй хамгийн хүчтэй сөргөлдөөн үзүүлж байгаа. Өнгөрсөн 7 хоногт болсон УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ж.Мөнхбат нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй чамгүй маргалдан олон хүний анхаарлыг татсан билээ.
Уг нь У.Хүрэлсүхийн дагуулж улс төрд оруулсан залуусын нэг нь Ж.Мөнхбат мөн гэж МАН-ын зарим гишүүд хэлдэг. Ийм таамаг яриа ч улс төрийн хүрээнийхэн дунд явдаг билээ. Харин өнөөдөр энэ хоёр эрхэм хонь, чоно мэт нэгнээ үзэн ядаж, өмнөх баларсан өөдгүй түүхүүдээ өөрсдөө илчилж байх шиг байна. Үүний жишээ нь өнгөрсөн 7 хоногт чуулганы танхимд болсон хэрүүл билээ.