Ж.Мөнхбат яг ямар нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон вэ?

Ж.Мөнхбат яг ямар нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон вэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын дунд чуулганы танхимд микрафоноос гадуур хэрүүл болсон билээ. Уг хэрүүл нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг  хэлэлцэж байхад болсон юм. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд У.Хүрэлсүхийн засгийн газарт шүүмжлэлтэй хандаж, Ерөнхий сайд болон сангийн сайд нарыг хамтад нь чимхээд авсан. Үүнд нь бухимдсан Ерөнхий сайд Ж.Мөнхбатыг үгээр идэж, хэрүүл эхэлсэн билээ.

У.Хүрэлсүх:

-Ж.Мөнхбат аа, муу нусгай минь байрандаа байгаарай. Чи ямар том болчихсон юм бэ

Ж.Мөнхбат:

-Битгий солиор. У.Хүрэлсүх ээ, харин чи хэн болчихсон юм бэ. Чи Монголын хаан болчихсон юмуу

У.Хүрэлсүх:

-Муу бацааныг казино тоглоод явж байхад нь өөд татсан нь гай болж дээ. Чамайг нүүрсний хулгайч гэдгийг чинь мэднэ шүү.

Ж.Мөнхбат:

-Харин чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж Шадар сайд болгосон нь буруудаж. Чи өнөөдөр Н.Энхбаяраас ч илүү хаан болчихсон байна.

У.Хүрэлсүх:

-Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална аа. Чамайг байранд нь тавих болсон байна. 

Ж.Мөнхбат:

-Чи ч гэсэн намын мөнгөнөөс хулгайлсан биз дээ. Би бүх баримтыг ил гаргаж тавина аа. Чи муу битгий солиороод байгаарай.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын энэхүү маргааныг чимээгүй болгохын тулд УИХ-ын дарга М.Энхболд 18 удаа та хоёр наад хэрүүлээ боль, эсвэл гарч өрөөндөө орж шийд гэсэн утгатай үг, өгүүлбэрийг хэлсэн байх юм. Дээрх хоёр эрхэм УИХ-ын даргын үгийг үл тоож, 3 минут орчим хэрэлдэж, булайгаа дэлгэсэн гэхэд дэгстүүлсэн болохгүй ээ.

Ж.Мөнхбат, У.Хүрэлсүх нар нь нэг нэгнээ хулгай хэмээн 10 гаруй удаа хэлсэн. Мөн хэн хэн нь нэг нэгнээ казиночин гэх утгатай үгийг хэлсэн гэнэ. Үүгээр зогсохгүй аль алийгээ хулгайч гэж цоллон дуудсан байх юм.

 

Энэ бүхнээс хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн Ж.Мөнхбатаа чамайг нүүрсний хулгайч гэдгийг чинь мэднэ шүү хэмээн хэлсэн үг юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд чухам ямар хэргийн талаар яагаад тэгж хэлэх болов. Үнэхээр Ж.Мөнхбат гэдэг хүн Нүүрсний хулгайч, эсвэл нүүрсний тээвэрлэлт, зарах асуудалтай нэр холбогдож, мөнгө хумсалсан гэсэн үг үү? Үүнд тайлбар байхгүй үлдэж байна.

Нөгөө талдаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Ж.Мөнхбат гишүүний амыг таглахын тулд дээрх үгийг зүгээр л чуулганы танхимд чулуудчихсан гэж үү? Үнэхээр л шударга хүн, ард түмний итгэлийг алдахаас айдаг Ерөнхий сайд мөн л юм бол Ж.Мөнхбатын хулгайлсан тэр нүүрсний хэргийг нь түмэн олонд илчилж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой гэсэн байр суурийг олон нийт илэрхийлж байна. Харин Ерөнхий сайд та үүнийг хийж чадах уу?

Дашрамд хэлэхэд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг БНХАУ-д айлчилж, нүүрсний тээвэрлэлтийг шийдэхдээ хэтэрхий хямд шийдсэн. Үүнд нь ямар нэгэн эрх ашиг нөлөөлсөн үү гэх хардлага явж байсан. Гэхдээ энэ талаарх бодитой мэдээлэл байдаггүй. Ер нь улс төрчид нүүрсний тээвэрлэлтийн квот болон урд хөрштэй тохиролцсон үнэ зэргээс ашиг олдог гэх явган яриа бол байдаг билээ.