НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдоод удаагүй байгаа билээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг 2 хувааж, албан тушаалын төлөө багагүй маргаан өрнүүлсний эцэст НИТХ-ын даргаар С.Амарсайхан сонгогдсон билээ.
Түүний хувьд НИТХ-ын ажлыг гацаанаас гаргана хэмээн том дуугарч байсан ч амлалтдаа хүрч чадалгүй тэргүүлэгчдийн хурлаа хойшлуулж, бас НИТХ-ын ээлжит хурлаа хуралдуулж чадахгүй сандарч байсан билээ. Ажлаа хийж чадахгүй байсан том даргын туслах, жолооч нар нь эрх мэдэлдээ мансуурч, иргэдийнхээ ажлыг гацааж явна.
0316-УНҮ улсын дугаартай авто машин нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргын албан унаа. Уг авто машин нь 2017 оны 11 сарын 04-ны өдрийн 16 цагийн орчим 3-р цахилгааны станцын урд талын уулзвараас яармагийн гүүр хүртэлх зам дээр урсгал сөрж, түгжирч зогссон түмэн олны хажуугаар салхи исгэрүүлэн сэнгэнүүлж явсан бичлэг нийгмийн сүлжээнд тавигдаад байна.
Иргэд нь түгжирч л байг. Тэдний ажил гацах нь огт хамаагүй. Харин НИТХ-ын дарга С.Амарсайханы албан унаа түгжирч болохгүй, гацах ёсгүй гэсэн дүрмийг шинээр бий болгочихсон юм биш биз. Тийм биш бол түмэн олны дургүйг хүргэж, түгжирч зогсох иргэдийнхээ хажуугаар салхи татуулан давхих ямар хэрэг байсан юм вэ?
НИТХ-ын дарга гэдэг бол иргэдийнхээ дуу хоолой, нүд чих байх учиртай. Мөн нөгөө талдаа иргэдийн зовлонг ойлгож, иргэдтэйгээ ойр ажиллах албан тушаал. Түүнээс эрх ямба эдэлж, иргэдийн дургүйцлийг төрүүлэх үйлдэл гаргах ёстой албан тушаал биш. Ийм байтал НИТХ-ын дарга С.Амарсайхан та жолоочдоо түгжрэх юм бол урсгал сөрөөд давхиад бай. Улаанбаатарчууд түгжирч л байна биз. Харин бид тэгэх ёсгүй гэж зааж, зааварлаад өгчихсөн юм уу? Үүндээ тайлбар хийнэ үү?
Улаанбаатарт бүгд л гацах, түгжрэх ёстой гэсэн ойлголтыг эрхэм дарга нар харуулах боллоо. НИТХ-ын ажил гацчихсан, дээр нь зам дээр иргэд нь гацчихсан, харин НИТХ-ын даргын албан унаа л урсгал сөрж гацаанаас түрүүлж гарахаар зүтгэж байгааг лав шударга ёс гэж хэлэхгүй шүү.