У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувьд бүтцийн өөрчлөлт оруулахгүй. Одоо байгаа яам, агентлагтай үйл ажиллагаагаа явуулна гэж мэдэгдэж байв. Харин 2018 оны төсвийн төслийг боловсруулахдаа зарим нэг өөрчлөлтийг хийхээр болжээ.
Тухайлбал Уул уурхайн яамны харьяа агентлаг гэж явж байсан Ашигт малтмалын газрыг Сангийн яамны мэдэлд аваачихаар Төсвийн тухай хуульд оруулж өгсөн билээ. Үүнийг Уул уурхайн сайд Д.Сумьяабазар эсэргүүцэж сангийн сайд Ч.Хүрэлбаатартай маргалдсан мэдээлэл дуулдаж байна. Хэн хэн нь уг агентлагийг өөрийнхөө доор байлгахыг хүсч байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Ашигт малтмалын газрыг сангийн яамны харьяанд авах нь зөв. Тэгсэн нөхцөлд уул уурхайн замбараагүй лицензийн наймаа шийдэгдэнэ. Нөгөө талдаа татвар авч чаддаггүй хэсгээс татварыг нь авдаг болно гэж үзжээ.
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарын хувьд Ашигт малтмалын газрыг өөрийн мэдлээс холдуулахыг хүсэхгүй байна. Учир нь уг салбарт ирэх болсон түүний гол шалтгааны нэг нь уул уурхайн лицензийн асуудал. Гэтэл тэрхүү эрх мэдлийг нь авчхаар салбар нь эзэнгүйднэ гэсэн өнцгөөс тайлбар хийжээ.
Хоёр сайдын хувьд Засгийн газрын хуралдаан дээр чамгүй маргалдсан мэдээлэл дуулдаж байна. Энэ бүхний эцэст Ашигт малтмалын газрыг Сангийн яамны харьяанд шууд өгөхгүй. Харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар уг асуудлыг эцэслэн шийдэх нь зөв гэсэн байр сууринд хоёр тал хүрсэн мэдээлэл байна.
Дээрх маргааныг эцэслэн шийдэгдэх хүртэл Уул уурхайн лиценз олголтын ажлыг түр хугацаанд зогсоогоод байгаа билээ.